Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2014-11-07

       Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадлиг хүлээн авч уулзлаа.  
      Элчин сайд Халид Иатим Аль Фадлид Дархан-Уул аймагт ажиллаж байгаад нь аймгийн ИТХ-ын дарга баяр хүргээд Монгол Кувейтийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж, Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд Кувейт улс тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
        Кувейтийн элчин сайдыг аймагтаа урьж ажиллуулж буй гол зорилго нь Дархан-Шарын голын 49 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэх санхүүжилт хүсэх явдал юм. Энэ хүрээнд дээрхи уулзалтаар аймгийн авто замын төлөвлөлт шинээр хийгдэж байгаа ажлуудын талаар танилцууллаа.
       Аймгийн Засаг дарга С.Насанбат: -Дархан-Уул аймаг нь Дархан, Хонгор, Орхон, Шарын гол гэсэн 4 сумтай. Үүнээс Шарын гол сум нь хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цорын ганц сум. Шарын голын уурхайн нүүрс болон стратегийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг богино хугацаанд түргэн тээвэрлэх, тус аймгийн 100,0 гаруй мянган иргэдийг аюулгүй, ая тухтай түргэн шуурхай найдвартай зорчих нөхцлүүдийг бүрдүүлэхэд Дархан –Шарын голыг холбосон 49 км хатуу хучилттай авто зам нь чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ манай аймгийн байгалийн үзэсгэлэнт, түүхт дурсгалт газруудаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт энэхүү автозам нь нэн шаардлагатай байна гэв.  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дархан- Шарын гол сумыг холбосон замын зураг төсвийг өнгөрсөн онд хийж, замыг барьж ашиглалтанд оруулахад замын нийт өртөг 29 090 450 061 төгрөг буюу 15,6 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоог гаргасан байна.
     Дээрхи мэдээлэлтэй танилцсан Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли хэлэхдээ: -Кувейт улс нь 1962 оноос эхлэн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаар дамжуулан дэлхийн 84 улсад хөрөнгө оруулалт тусламжийн ажлыг хийсээр ирсэн. Энэхүү сангийн хүрээнд 4 төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэгээс 3 нь замын төсөл. Тиймээс энэ сангийн хөрөнгө оруулалтанд Дархан Шарын гол сумыг холбосон хатуу хучилттай замын төсвийг суулгах боломжийг бүх талаар судлаж, дэмжинэ гэв. Мөн аймгийн удирдлагуудыг хүлээн авч уулзсанд талархснаа илэрхийлэв.
     Тэрээр манай аймагт 2 өдрийн хугацаанд ажиллаж, Дархан Шарын голыг холбосон автозам нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ, Дархан Нэхий, Дархан Төмөрлөгийн үйлдвэрүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцах юм байна.  

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%