Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн санал санаачилга нээлттэй хэлэлцүүлэг болов.

2014-10-14

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим 2014 оны 17 дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлгээ “Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн санал, санаачилга” сэдвийн дор зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийг аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтэс хамтран зохион байгууллаа.
 Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ТЗУХ-ийн дарга Д.Жаргалсайхан, ХЗХ-ийн дарга Л.Алтанчимэг нарын аймгийн удирдлагууд, багийн хэсгийн ахлагч нар, иргэдийн төлөөлөл бүхий нийт 90 гаруй хүн оролцлоо. Иргэд төрийн үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай, төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг үр дүнтэй, хүнд суртал чирэгдэлгүй болгох, ил тод байдлыг хангах чиглэлээр санал хэлж, мөн тодорхой асуултуудад хариулт авлаа.
Аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ нь иргэндээ хүрсэн, чанартай байх, иргэн нь түүндээ хяналт тавьдаг, сайн үйлчилгээг авахын төлөө тэмүүлдэг байх нь нийгмийн үйлчилгээг сайжруулах нэг нөхцөл болдог. Гэвч олон нийтийг идэвхижүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийг оролцуулж сургах, төр нь иргэнийхээ өмнө ямар хариуцлага хүлээдэг байх, иргэд нь төрийнхөө өмнө ямар үүрэг хүлээдэг байх зэрэг олон асуудлыг тодорхой болгох шаардлага байсаар байна.
Төрөөс иргэнд үзүүлэх нийгмийн төрөл бүрийн үйлчилгээ нь хүнийхээ сайн сайхан ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангахад чиглэгддэг. Тэр нөхцөлөө бүрдүүлэхийн төлөө, чанартай сайн үйлчилгээг авахын төлөө, хүнд суртал, шат дамжлагагүй    үйлчлүүлэхийн төлөө, соёлч шуурхай үйлчилгээг хүртэхийн төлөө иргэн хүн өөрөө хэлж, шаардаж, бас оролцох санаачлага гаргаж байх үүрэгтэй юм. Энэ чанараараа нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж, соёлч шуурхай байдал, шудрага байдал төлөвших учиртай гэдгийг дээрхи хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байсан.
Хэлэлцүүлгийн үеэр:
-    Өргөдөл гомдол, санал хүсэлтийг заасан хугацаанд түргэн шийдэж байх
-    Аймгийн удирдлагууд асуудал байгаа газарт биечлэн ажиллаж байх
-    Дунд тушаалын төрийн албан хаагчид харилцааны доголдолтой, бусдыг үл хүндэтгэсэн байдлаар харилцдаг. Үүнд анхаарах
-    Захын хорооллуудад төрийн үйлчилгээ хүрэхгүй байна. Мөн тохижилтын ажлууд хийгдэхгүй байгаад анхаарах
-    Аймгийн ИТХ, ЗД-ын шийдвэрийг багийн дарга нараар дамжуулан шуурхай хүргэж байх
-    Төрийн байгууллагууд цаг ашиглалтаа сайжруулах
-    Аймгийн МХГ, ЦГ, БОГазрын үйл ажиллагаа иргэдэд хүрэхгүй байна. Тухайн байгууллагын удирдлагууд анхаарах
-    Төрийн үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын тухай мэдээллийг тодорхой болгож, баг бүрт мэдээллийн самбарт байршуулах, хариуцсан ажилтны нэр утасыг тодорхой бичих
-    Эрүүл мэндийн газарт дугаар авдаг машин байршуулах
-    Гэр хорооллын айл өрхийн хашааны хаягжуулалтыг нэг мөр болгож шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.
Иргэдийн саналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд болон холбогдох хэлтэс агентлагуудад хүргүүлж, үйл ажиллагаандаа болон бодлогын баримт бичигт тусган ажиллана гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн онцлон тэмдэглэлээ.
Мөн үеэр хэлэлцүүлэгт оролцогчдоос аймгийн ИТХурал, ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлсэн сэтгэл ханамжийн судалгааг авлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%