Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Б.БУЯНДҮҮРЭН: ИРГЭД БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИРДЭГГҮЙ, ЭНЭ БОЛ ИХ БУРУУ ХАНДЛАГА

2018-12-18

 2018 онд гишүүд, дэмжигчдийнхээ дунд ямар ажлууд зохион байгуулав?
- Манай 11 дүгээр намын үүр гишүүд тэргүүлэгчдийнхээ саналд үндэслэн оны эхэнд ажлаа багцлан төлөвлөдөг тогтсон журамтай. Өөрөөр хэлбэл санаанд орсоноо гэнэт хийх гэж цаг тулгаж бужигнадаггүй гэсэн үг. Улирч байгаа 2018 онд нийт 21 төрлийн ажлыг улирлаар төлөвлөн, хуваарийн дагуу тэргүүлэгчид хариуцан хийж гүйцэтгэсэн. Одоогоор гурван төрлийн ажлыг хийж амжаагүй байна. Намын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд хүрсэн, олныг хамарсан томоохон ажил гэвэл эмэгтэйчүүдийн баяраар Одонтой ээж, Дархан бэрүүд, ихэр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлсэн. Намын залуу гишүүдээс сонгон сургалтанд хамруулж, сургагч багшаар бэлдэж, намын үүрийн залуу гишүүдэд " Бие хүний манлайлал" сэдэвт сургалт явуулсан зэргийг нэрлэж болно.

- Намын гишүүнчлэлийн асуудал их чухал. Гишүүнчлэлд баримтлах бодлого?
- Аливаа намын байгууллагад гишүүнчлэл чухал. ТББ-ууд ч гишүүнчлэлтэй байж олны хүчээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай намын үүр 190 гишүүнтэй, гишүүдийн 57,8 хувь нь ахмад, 31,7 хувь нь 35-55 насныхан, 10,5 хувь нь 35-түүнээс доош насныхан эзэлж байна. Намын ажилд ахмадууд тэр дундаа ахмад эмэгтэйчүүд илүү идэвхтэй оролцдог, тэдэнд төрмөл юм шиг сууж өгсөн тийм сайхан хүмүүжил, хариуцлага бий. Залуучуудын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх нь чухал байна. Залуучуудыг насаар ангилаад харахаар 25-аас доош насныхан ихэвчлэн оюутнууд байна. Тэд хичээл сургууль гээд завгүй. 25-35 насныхан шинэ гэр бүл болж, өрх гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөх гээд их ажил ундарч явдаг. Намын ажил сайн дурын цалин хөлсгүй учраас байнга ажлаар шахаад байж чаддаггүй. Гэсэн хэдий ч үүрийн ажилд идэвхтэй оролцдог залуучууддаа баярлаж, тэднийгээ жаахан ч болов дэмжиж туслахсан гэж хичээдэг. Энд Н.Нуурай, Ж. Даариймаа, С.Одончимэг нарыгаа нэрлэмээр байна. Залуучууд намын гишүүн болж, намын ажилд оролцоод ирэхээр олон нийтийн болон хүмүүнлэгийн ажилд оролцох идэвх сонирхолтой болдог. Залуу хүмүүс завгүй байх тусмаа зорьсон их ажлаа амжуулдаг шүү дээ. Гол нь тууштай зан чанар, хариуцлагатай, гүйцэтгэл сайтай төлөвшил л маш чухал санагддаг.

- Дархан сумын 11 дүгээр багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд багтаа ямар ажлуудыг хийсэн бэ?
-Миний хувьд МАН-ын 11 дүгээр үүрийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ 2016 оноос 11 дүгээр багийн иргэдийг Дархан- Уул аймгийн ИТХ-д төлөөлөн ажиллаж байна. Өмнө нь 2012-2016 онд Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр МАН 11 дүгээр үүрийн гишүүдийн төдийгүй тус багийн нийт иргэдийн асуудалд хамааран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 6-7 жил иргэдийн төлөөлөгчөөр ажиллахад тухайн багийн тулгамдсан асуудал бэрхшээлийг сайн мэддэг болчихдог юм байна. Ирэх онд заавал хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг оршин суугчдаас гаргасан саналын дагуу ИНХ, аймаг сумын төлөөлөгчид бид эрэмбэлээд орон нутгийн удирдлага, иргэдийн хуралд танилцуулж, ажил хэрэг болгохын төлөө хөөцөлддөг. 2016 оноос хойш 11 дүгээр багт улс, аймаг, сумын төсөв, ОНХС-ын хөрөнгөөр багагүй ажил хийсэн. Тухайлбал, 8, 9 дүгээр байрны дээврийн засварыг иргэдийн оролцоотой хийлээ. 3-4 байрны дундах тоглоомын талбай, 10, 12, 13 дугаар байрныуудын инженерийн шугам сүлжээний засвар, 1-2 дугаар орцонд кодтой хаалга, 18 дугаар байрны тоглоомын талбайн засвар, засвар хийсэн 16 орцонд кодтой хаалга, замын хэсэгчилсэн нөхөөс засварыг хоёр удаа, байрнуудын орцны хаяг шинэчлэл, 4 дүгээр байрны урд авто зогсоол зэрэг бүтээн байгуулалтын ажлуудад өнгөрсөн хугацаанд 200 орчим сая төгрөгийг зарцуулсан байна.

- Иргэдийн оролцоотой шийдвэрлэсэн гэж ярилаа. Ер нь иргэдийн зүгээс ирдэг санал хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Төлөөлөгчийн хувиар иргэдтэй биечилж уулзах нь элбэг. Ажил ярьдаг гол цаг үе бол Иргэдийн Нийтийн Хурал юм. Манай баг орон сууцны хороолол учраас СӨХолбоодын тайлангийн хурлын үеэр иргэдтэй уулзаж санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, хэн хэрхэн шийдэж болохоор байгааг хэлэлцэж, гарц гаргалгаа хайдаг. Миний дээр хэлсэнчлэн бид ирэх он жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөг эрэмбэлж, ИНХ-аар баталдаг. Гэтэл иргэд ИНХ-даа ирдэггүй, энэ бол их буруу хандлага. Хурал зарлагдмагц заавал ирж оролцож байгаарай гэж уриалах байна. Мөн хурлаас гадна тэмдэглэлт баяр, тэмцээн уралдааны үеэр байнга хамт байж харилцан дэмжиж тусалж байна. Мөн иргэдтэй ойр холбоо үүсгэх зорилгоор 2016-2017 онуудад "Иргэдээ сонсох өдөр"- ийг тусгайлан гаргаж сар бүрийн 11-нд 14:00 цагаас хойш Багийн төвийн байранд иргэдтэй уулзаж байсан. МЭДС- тоб өрхийн эрүүл мэндийн төв, 9 дүгээр сургууль, 15 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай жил бүр танилцаж, дэмжин ажилладаг. Энэ оны 5 дугаар сард "Бид шинэ хорооллынхон-2018" өдөрлөг зохион байгуулж, аймгийн хэлтэс, агентлагууд, Захирагчийн алба, СӨХ, инженерийн байгууллагуудыг оролцуулан иргэдийн асуултанд газар дээр нь хариулт өгсөн. Төлөөлөгчийн нэр дээр 21 иргэнээс санал хүсэлт ирсэнийг ангилж, зохих байгууллагуудад хүсэлт тавьж, тодорхой хариултуудыг эргэн мэдэгдэж ажиллалаа.

- Удахгүй 2019 онтой золгох гэж байна. Ирэх онд багтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа нэрлээч?
-Саяхан аймгийн ИТХурал хуралдаж аймгийн төсвийг баталсан. Ирэх онд манай багт аймгийн ОНХСангаас автозогсоол өргөтгөх ажыг 25 сая төгрөгөөр гүйцэтгэнэ. 18-20 дугаар байрны тоглоомын талбайг сайжруулан засварлах ажилд 35 сая төгрөг зарцуулна. Харин Дархан сумын ОНХСангаас 9 дүгээр байрны арын талбайг 20 сая төгрөгөөр засварлана. 13 дугаар хорооллын урд замд хурд сааруулагчийг таван сая төгрөгөөр хийнэ. 30 сая төгрөгөөр 15 дугаар цэцэрлэгт анги нэмж өргөтгөнө. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 10 дугаар байрны фасадыг засварлаж, 6 дугаар байрны орцон талын ус тогтдог хэсгийн ус зайлуулах хоолойг 151 сая төгрөгөөр сэргээн засварлахаар боллоо. Мөн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх “Багийн хөгжлийн төв”-ийн барилгын ажил Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байна. Тус барилга тун удахгүй ашиглалтад орно. Баг дээрх асуудлыг ойлгож, төсөвт суулгаж, дэмжин тусалдаг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймаг сумын удирдлага, ИТХурал, хурлын төлөөлөгчиддөө талархаж байгаагаа илэрхийлье.

-Баярлалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%