Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-Т САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙН САНАЛЫГ АВЛАА

2018-11-07

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хүнс, хөдөө, аж ахуйн газар хамтран өнөөдөр /2018.11.07/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж уг хөтөлбөрийн анхны төсөлд салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, ажиллагсад, иргэдийн саналыг тусгалаа. 
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ХХААГ-ын ХЖДҮХАБХ мэргэжилтэн Б.Лхагвасүрэн “Аймгийн “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр-2014- 2016”-ийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдлын тухай тайлагнаж, 2019-2023 онуудад хэрэгжүүлэх “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг танилцуулав. 
Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29–ний өдрийн 103 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу үсчин, гоо засал, цоож засварлах, түлхүүр олшруулах, хувцас захиалга, засвар, цүнх захиалга, засвар, гутал захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, хими цэвэрлэгээ, угаалга, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, нийтийн халуун ус, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, гэр цэвэрлэх үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээг ахуйн үйлчилгээний салбар хэмээн тодорхойлсон бөгөөд өнөөгийн нөхцөл байдал цаг үеэ дагаад ахуйн электрон бараа, цахилгаан хэрэгсэл засвар, гоо засал, гэрэл зураг авах, угаах, бичлэг хийх үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарын шинэ нэр төрөл бий болж байна. 
     “Ахуй үйлчилгээний салбарын хөгжүүлэх хөтөлбөр-2014-2016”-ийн хүрээнд 21 аймгийн хэмжээнд нийт 6,3 тэрбум төгрөгөөр 67 сумд шинээр        67 “Ахуй үйлчилгээний төв” байгуулж, 66 сумд 66 төв засварласан. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд 3444 ажлын байр шинээр бий        болсон, 431 сургалт хийсэн гэсэн тоо баримт гарчээ. 
Дархан-Уул аймагт ахуйн үйлчилгээний салбарт 400 гаруй хүн ажилладаг ба үүний 75 хувь эмэгтэйчүүд байна. 
Хэлэлцүүлэгт оролцсон салбарын төлөөллүүд болон иргэдийн зүгээс нийгэмд хамгийн хэрэгцээ шаардлагатай атлаа “Орхигдсон” салбарыг хөгжүүлэхэд анхаарал хандуулж буйд талархлаа илэрхийлээд Дархан-Уул аймагт ахуй үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, уг салбарыг зохион байгуулалтад оруулж, төв байгууллагыг байгуулж, түүгээрээ дамжуулан энэ салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ЖДҮ-ийн зээлд хамруулах, алслагдсан гэр хорооллуудад нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, 3 дугаар багт байрлах холбооны хуучин барилгыг ахуй үйлчилгээний байр болгон ашиглах, ахуй үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн сургууль байгуулах, шинэ боловсон хүчнийг бэлтгэх, үсчин, гоо сайхны мэргэжлийг хортой нөхцөлд тооцож оруулах зэрэг саналуудыг гаргалаа. 
Эдгээр саналыг  нэгтгэн, Хүнс хөдөө аж ахуй хүнд үйлдвэрийн яамд хүргүүлэх бөгөөд улмаар “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх” төлөвлөгөөнд тусган ажиллах юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%