Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ

2018-10-11

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.10.11/ зохион байгууллаа. 
Монгол улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсөж, тэр дундаа бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, залилан мэхлэх гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбогдуулж тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гаралтыг бууруулах чиглэлээр дан ганц цагдаагийн байгууллага бус энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн тусламж дэмжлэгийг авах, хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж бөгөөд хэлэлцүүлэгт аймгийн Хууль эрхзүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шүүх, Ерөнхий боловсролын захирал, Нийгмийн ажилтан, багш нар, сурагчид болон Күен баар, Эрдэнэс плаза төв-ийн DD баар, Сатурн баар, Компорт зочид, МБМ зочид буудал зэрэг хувийн ААНБ-уудын захиралууд зэрэг нийгмийн салбар бүрийн төлөөллүүд оролцож, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо илэрхийллээ. 
Оролцогчдод “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүний гаралт, нутаг дэвсгэрийн онцлог” Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Г.Хатанзориг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Батсүх, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шүүхээр шийдвэрлэсэн байдал” Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Мягмаржаргал, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх” Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Эрдэнэбилэг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн багш Ч.Чулуунцэцэг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх” Барил трейд ХХК-ны Хүний нөөцийн зөвлөх П.Одгэрэл нар тус тус танилцууллаа. 
Дархан Уул аймагт 2018 оны эхний 8 сарын байдлаар үйлдэгдсэн нийт 564 хэргийн 192 буюу 34.0 хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Учир нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 99 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хэргийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр прокурорын хяналтад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бол одоогийн дагаж мөрдөж байгаа хуульд шүүхээр эцэслэн шийдвэрлэж байгаатай холбоотойгоор өссөн үзүүлэлт гарч байгаа юм.
2018 оны эхний 8 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн судалгаанаас харвал 34.3 хувь нь согтуугаар, 35.4 хувь нь гэр орон сууцанд, 31.2 хувь нь гудамж талбайд, 16.1 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах чиглэлээр дан ганц Цагдаагийн байгууллага бус аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, засаг захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, удирдлагууд, тэдгээрийн хамтарсан баг, сууц өмчлөгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд онцгой анхаарч цаашид үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатайг харуулж байна.
Аймгийн Прокурорын газраас Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хууль сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, хязгаарлах, аж ахуй нэгж, байгууллага, иргэд оршин суух газрын хяналтын камержуулалтыг нэмэгдүүлэх, хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүр, хувь иргэдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, чангатгах, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага болон хор уршгийг иргэдэд таниулах үүднээс нээлттэй шүүх хурлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүллээ. 
Ерөнхийдөө төрийн байгууллагуудаас тавьж буй мэдээллүүдээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь архидалт, ажилгүйдэл, ядуурал, хуулийн хэрэгжилт, хяналт, нийгмийн сэтгэл зүй, оюуны хоосрол, хандлага төлөвшлийн доройтол зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. 
“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг тусган  зөвлөмж гарган баталсан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад уриаллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%