Аймгийн ИТХ-ын дарга өнөөдөр /2018.10.03/ ИТХ-ын Хяналтын хороодын дарга нартай хуралдаж, хороодын 2018 оны эхний хагас жилийн ажлын тайлантай танилцан, мөн цаашдын ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Дархан-Уул аймгийн ИТХ нь “Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо”, “Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо”, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо”, “Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо”, “Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо” гэсэн 5 хяналтын хороотой ажиллаж байгаа бөгөөд 2018 онд аймгийн ИТХ-аас Хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх тухай зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
2018 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл Хяналтын хороод ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийт 26 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, санал хэлж, зөвлөн тусалж ажилласан байна.
Мөн өнөөдрийн уулзалтаар 2018 оны 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөг ярилцсан ба үүнд Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо Шилэн дансны хуулийн хэрэгжилт болон татварын орлогын бүрдүүлэлтийн тухай мэдээлэлтэй танилцах юм байна.
Харин Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо нь 4 дүгээр улиралд Нийгмийн түншлэлийн салбар хороодын үйл ажиллагаатай танилцах бөгөөд уг хороо нь Төлөөлөгчдийн оролцоог хангаж, гишүүн бүр бие даан ажил, арга хэмжээг зохион байгуулдаг хэмээн тус хорооны дарга, Төлөөлөгч Х.Батжаргал онцоллоо.
Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо нь энэ улиралд аймгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах бодис, бордооны ашиглалт, хадгалалт, устгалын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний тухай, Байгаль хамгаалах сангийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн бол, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо нь Дэд бүтэц, Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээг орон нутгийн хөгжлийн цогц бодлоготой уялдуулах талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нэн тэргүүнд өнгөрсөн хагас жилд төлөвлөсөн ажлаа гүйцээх, Хороодын хурлын ирцийг бүрэн бүрдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.