Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХОНГОР СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ТАНИЛЦАВ

2018-09-26

Энэ сарын 19-21-ний өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, цас орж, зарим газруудад цасны зузаан 20 см хүрсэн учраас аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Г.Эрдэнэсүх, ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хорооны дарга, Төлөөлөгч П.Юра, Н.Батсайхан нар газар тариалангийн ургац хураалтын нөхцөл байдалтай /2018.09.24/ газар дээр нь очиж танилцлаа. 
Энэ үеэр Хонгор сумын удирдлагууд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, ХХААГ, газар тариалан эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай даван гарах тухай санал солилцсон юм. 
Тус сумын нутаг дэвсгэрт нийт 19 мянган га талбайд үр тариа тарьснаас одоогоор 1200 га-д ургац хураалт хийж амжжээ. Энэ нь нийт төлөвлөсөн ургацын  10 орчим хувь гэсэн үг юм. 
Харин үлдсэн 90 хувьд нь гэнэтийн цочир хүйтрэлт, нойтон цас, хүчтэй шуурганы улмаас үр тариа налсан байдалтай байна. Тиймээс тариаланчид комбайндаа нэмэлтээр иш өргөгч суурилуулах, нэг талаас нь сөргүүлж хураах зэргээр хурааж авах шаардлагатай бөгөөд үүнд хүн хүч, шатахууны зарцуулалт нэмэгдэхийн зэрэгцээ 30-40 хувийн хаягдал гарах төлөвтэй байна. 
ХХАА-н яам, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас тариаланчдад иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа юм. 
Харин орон нутгийн зүгээс  тариаланчдад ямар байдлаар дэмжлэг үзүүлэх талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Төлөөлөгчид  газар дээр  нь танилцах үеэрээ хэд хэдэн чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал богино хугацаанд хаягдал багатай ургац хурааж авахын тулд хүн хүчийг нэмэгдүүлэх, ялангуяа гэрээгээр ажиллаж буй оюутнуудын хугацааг сунгах, мөн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан Өргөө политехникийн коллеж болон бусад Их, дээд сургуулийн оюутнуудыг нэмж ажиллуулах, шатахууны дэмжлэг үзүүлэх зэргээр анхаарал тавьж ажиллах юм. 
Мөн орон нутгаас тариалан эрхлэгчид болон малчдын хооронд үүсдэг бэлчээрийн маргааныг зохицуулах үүднээс 10 дугаар сарын 15-ныг хүртэл мал бүхий иргэдийг тариалангийн бүс нутагт оруулахгүй байх шийдвэрийг гаргасан боловч үр тарианд мал орох асуудал мэр сэр гарсаар байгааг тариаланчид ярьж байна. Тиймээс сум, орон нутгийн иргэдийг түр ажлын байраар хангах замаар эргүүл хийлгэхээр боллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%