Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.05.24/ боллоо.
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Хими-Математикийн сургалттай ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 49 бүлгийн 1602 сурагч, 77 багш, 25 ажилтан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа ба сургуулийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлөөс нэн тэргүүнд сурагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, эрсдэлт бүлгийн 21 сурагчдад зөвлөгөө өгч тэднийг хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагын үйл ажиллагаанд татан оруулах замаар хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлуулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар анхааран ажиллажээ.
Мөн анги даасан багш болон эцэг эх, сурагчдын өөрсдийн оролцоонд тулгуурласан 16 удаагийн сургалтыг зохион байгуулж, “Гар утасны зохистой хэрэглээ” аян, “Хүүхэд-Хөгжил-Хамгаалал” нэгдсэн чуулган, “Сургуулийн орчинд цахим гадуурхал цаашаа”, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн аврагч”, “Эмч бялзуухай”, “Эко бүлгэм”, “Өсвөрийн номын санч”, “Өсвөрийн загвар зохион бүтээгч” зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ сургуулийн орчны аюулгүй ажиллагааг хангах, сурагчдыг болзошгүй эрсдэл, гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн гэрэлтүүлэг, хяналтын камерын асуудлыг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр холбогдох газруудад хандсан тухай мэдээллийг тус сургуулийн Захирал Т.Орхонтуяа тайлагналаа.
Харин Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 15 мэргэжлээр 560 гаруй суралцагч, 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 30 гаруй ажилтантайгаар сургалт, үйлдвэрлэл, бизнесийн цогц үйлчилгээг явуулж байгаа бөгөөд суралцагдад мэргэжил олгож, мөн дотуур байраар хангадгаараа онцлогтой.
Сургуулийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлөөс гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй сурагчдын судалгаа гарган, оюутан сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлт байгаа эсэхийг тодруулах асуумж судалгаа авч судалгааны үр дүнд тулгуурлан сургалт мэдээлэл зөвлөгөө, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг байна.
Түүнчлэн нийт сурагчдын дунд хууль эрх зүйн мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжил төлөвшлийн чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж, , “Аз жаргалын эрэлд” ТББ-тай хамтран “Хорт зуршлаас татгалзая” сургалт, хичээлийн жилд шинээр элсэн суралцаж байгаа сурагчдын батлан илэрхийлэлт өргөх арга хэмжээ, “Цэрэг иргэний бэлэн байдлыг хангах-2018” марш тактикийн тэмцээн зэрэг хувь хүний төлөвшилд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, мөн “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас эмэгтэй оюутан сурагчдад хүүхэд өсвөр үе, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн бэлгийн халдлага, дарамт хүчирхийллийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт өгөх зорилготой “Хүчирхэг охид Хүчирхэг улс” гар утасны аппликейшныг бүх эмэгтэй сурагчдын гар утсанд байршуулжээ.
Мөн Сургуулийн байр, сурагчдын дотуур байранд хяналтын камер гадна орчинд нийт 6, сургууль дотор 16, дотуур байрны дотор 3 камерын байнгын ажиллагааг ханган ажиллаж, камеруудын хянах самбар дэлгэц 4-ийг байршуулан дотоод хяналтыг тогтмол тавьж, гэрэлтүүлэг тавьсан тухай тус сургуулийн Нийгмийн ажилтан Ц.Золзаяа тайлагналаа.
ГХУСАЗСЗ-ийн гишүүд дээрх мэдээлэлтэй танилцаж, сургуулиудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, улам эрчимжүүлэхийг даалгаж, МСҮТ-д суралцдаг хөдөө орон нутгийн сурагчдын ирэх, буцах үеэр аюулгүй байдлыг хангахад анхаарч, хариуцлагатай жижүүрийг тогтмол томилж ажиллуулах чиглэл өглөө.