Дархан-Уул аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлогын хяналтын хорооны төлөөлөгчид өнөөдөр /2018.05.17/ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын харъяан дахь эрүүлжүүлэн саатуулах байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын харъяан дахь Эрүүлжүүлэн саатуулах байр нь 1985 онд ашиглалтад орж, 1995 онд аймгийн Цагдаагийн газрын мэдэлд шилжүүлснээр эрүүлжүүлэн саатуулах байрны зориулалтаар анх ашиглаж эхэлснээс хойш 23 жилийн нүүрийг үзжээ.
Энэ хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар ямар нэгэн засвар үйлчилгээ огт хийгдээгүй бөгөөд цагдаагийн албан хаагчид дотоодын нөөц боломжоо ашиглан засаж, сэргээж ирсэн байна.
Түүнчлэн эрүүлжүүлэх байрны 3 өрөөнд сард 400-450 хүн, жилдээ 5500-6000 хүнийг хүлээн авч эрүүлжүүлдэг бөгөөд энэ нь нэг хүнд ноогдох талбай 2,5 мкв хэмжээтэй байх ёстой гэсэн стандартыг хангаж чаддаггүй ажээ. Тиймээс эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулагдсан иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас олон удаа шаардлага ирүүлсэн бөгөөд уг байранд зориулагдсан санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар шинэчлэлт хийх боломж хомс байгаа тухай Эрүүлжүүлэн саатуулах байрны дарга, Цагдаагийн ахмад Б.Цэрэндулам ярьж байна.
Аймгийн ИТХ-ын засаг захиргаа, хууль эрх зүйн бодлогын хяналтын хорооны Төлөөлөгчид тус байрны нөхцөл байдалтай танилцах үеэрээ эхний ээлжид цонх, тусгаарлах хаалга, шал зэрэг нэн шаардлагатай засваруудыг хийх, үүнд шаардагдах санхүүжилтийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.