Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГАДНА РЕКЛАМ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖИЙГ БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАВ

2018-04-20

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Захирагчийн алба хамтран Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байршуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийг байршуулахад зөвшөөрөл олгох, өнгө үзэмжийг сайжруулах, сунгах журмын төслийг иргэдэд танилцуулах, саналыг нь тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг /2018.04.18/ зохион явууллаа. 
Монгол улсын Үндс‎‎эн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэн “Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг боловсруулсан бөгөөд хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байх үндсэн шаардлагыг тавьж байгаа юм. 
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн З.Одмаа журмын төслийг танилцуулсан ба гадна зар сурталчилгааг сурталчилгааны байгууламж, хаягийн байгууламж зарлалын хуудас гэсэн 3 төрлөөр ангилж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон барилга байгууламжид сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг Захирагчийн алба, аймгийн ерөнхий архитектор, Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газраас олгох тухай мэдээллийг өгөв.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтээ дээрх байгууллагад гаргах ба тус байгууллага нь  гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтийг хүлээн авч, шаардлагыг хангасан тохиолдолд 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох юм. 
Мөн гадна зар сурталчилгааг сурталчилгааг Соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар, музей, дархан цаазат газар, Архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс, төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газруудад байрлуулахыг хориглоно хэмээн заажээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх журмын төсөлд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, асуултдаа тодорхой хариулт авлаа. Тэд гадна хаяг, рекламыг бүх албан байгууллага болон хувийн эзэмшлийн хашаанд  мөн байрлуулахыг хориглох, хотын өнгө үзэмжийг онцгой анхаарах,  хотын гадна байрлуулахаас гадна төрийн далбааг зөвшөөрөлгүй газруудад ашиглахыг  хориглох, хаяг рекламд гадаад үсэг оруулахгүй байх,  хаягуудыг нэгэн жигд байлгах, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хаяг реклам хийдэг орон нутгийн байгууллагуудыг дэмжиж ажиллах, мэдээллийн тусгай цэг байгуулж иргэдийг зар сурталчилгаа, хаяг рекламын талаар ойлголттой болгох, хаяг рекламын өнгө үзэмжийг хянаж байхын тулд камержуулах мөн торгууль, хариуцлага хүлээлгэх тухай тодорхой тусгах зэрэг саналыг гаргалаа. 
Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга дүгнэж хэлсэн үгэндээ “Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төсөлд иргэдээс санал авч тусган боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болон Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар уг журам нь нийтээр дагаж мөрдөх хууль эрхзүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх юм” хэмээн онцолсон юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%