Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН ХОТ “ХОТЫН ДҮРЭМ”-ИЙН ТӨСЛИЙН АНХЫН ХУВИЛБАРЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2014-08-20

Дархан хотын иргэд тун удахгүй хотын дүрмийг дагаж мөрдөнө. Энэхүү хотын дүрмийг аймгийн Захирагчийн алба, “Хөрөнгө оруулалт-Хөгжлийн төв” ТББ хамтран боловсруулж байгаа бөгөөд тус ажлын хэсгийнхэн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд хотын дүрмийн төслийн анхны хувилбарыг танилцуулж, иргэдээр хэлэлцүүлсэн байна.

2014 оны 2 дугаар сард зохион байгуулсан Иргэний соёлоос хотын соёл хамаарна нээлттэй хэлэлцүүлгээр Дархан хот өөрийн гэсэн дүрэмтэй болж, иргэд ААНБ нь түүнийг дагаж мөрдөж байх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид  санал нэгдсэн. Энэ саналын дагуу аймгийн Захирагчийн алба, “ Хөрөнгө оруулалт- Хөгжлийн төв” ТББ хамтран Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд болон  бусад хуулиуд, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас зохион багйуулсан “Хотын соёл Иргэнээс” хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн хотын дүрмийг боловсруулж эхлэсэн байна.

Дархан хот өөрийн дүрэмтэй байгаагүй ч хотын үйл ажиллагаа болон иргэддээ хандсан журмуудтай байсан. Тэр нь бүрэн харилцааг нь зохицуулж чадахгүй, учир дутагдалтай байна. Хэрвээ хотын дүрэм батлагдвал хог хаягдал, зам гудамж талбай, ус суваг ашиглалт гээд хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг зохицуулна. Бид АНУ-ын хотуудыг судалсан. Хот болгон өөрийн гэсэн дагаж мөрддөг дүрэмтэй юм байна. Нийслэлийн хувьд цаг агаар, уур амьсгалын хувьд манайхтай дөхөж очиж байгаа учир Денвер хотын дүрмийг жишиг болгон сонгосон. Денвер хотынхон Үндсэн дүрмээ оршин суугчдаараа хэлэлцүүлэн,  багц дүрмүүдээ хотын зөвлөл нь баталж, журмаа агентлагууд нь боловсруулан хуулийн газраараа хянуулдаг гэж дүрэм боловсруулагчид тайлбарлалаа.

   Хуулийн зохицуулалт хэтэрхий ерөнхий байдаг учраас хотод тулгамдаж буй олон асуудлыг нарийн шийдэж чаддаггүй. Иймд хотыг дүрэмжүүлснээр газар ашиглалт, хот төлөвлөлт, эрүүл мэнд, аюулгүй байдал, цэвэр усны хангамж, гудамж талбай, хог хаягдал, нийгмийн хэв журам гээд хотын амьдралын олон асуудлын зохицуулалтыг ойлгомжтой бөгөөд тодорхой болно гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид хүлээн зөвшөөрч байсан юм. Тэд хотын дүрмийн анхны хувилбартай танилцаад, хотын дүрэм энгийн ойлгомжтой, маш тодорхой байх нь чухал. Редакцийн зөвлөл байгуулж, судалгааг сайтар хийхийг нэн тэргүүнд анхаарууллаа.  

Хотын дүрмийн төсөл нь нэг бол аймаг, нэг бол хот гэсэн үг үсэг дунд яваад толгой эргүүлээд байна. Тиймээс эхний ээлжинд хотын статусын асуудлыг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Мөн хотын дүрэмд гэр хорооллын асуудлыг заавал тусгах, хяналт шалгалт, хариуцлагын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэв. Дүрэмгүй хот, хуульгүй улстай адил. Тиймээс бид бүх нийтээрээ хэлэлцэж, Хотын Үндсэн дүрмээ боловсруулах шаардлагатай байна гэж дээрхи хэлэлцүүлгээр онцлон тэмдэглэж байлаа. Дүрмийн төслийг нарийн нягт боловсруулахын тулд  цаашид баг бүрт, салбар бүрт хэлэлцүүлгүүд үргэлжилж, эцээст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, хурлын хуралдаанаар хэлэлцүүлж батлах юм байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 100 орчим иргэн оролцож, дүрмийн төсөлд санал өглөө.  

Энэ дашрамд сонирхуулахад Эрдэнэт хотын дүрмийг боловсруулж, ИТХурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бол Арвайхээр хотын дүрмийг боловсруулж, сумын ИТХурлаараа хэлэлцэн баталсан байдаг юм байна. 


Мэдээллийг Х.Соёл-Эрдэнэ Эх сурвалж

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%