Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны анхны хурал өнөөдөр /2018.01.18/ 89 хувьтай эхэлж, “Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай”, “Хөрөнгө гаргах тухай” асуудлыг хэлэлцэн баталж, “Аймгийн хэмжээнд 2017 онд зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний тухай” мэдээллийг сонсож танилцав.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2018 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 11, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2, Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, Малын хулгай, хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 3, Бусад тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталлаа.
Мөн тус хуралд аймгийн Цагдаагийн газраас “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам”-ыг танилцуулсан бөгөөд энэхүү журам нь гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, байгууллага, аж ахуйн гадна болон дотор орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Бэлэн мөнгөтэй шууд харьцдаг, гэмт хэрэг зөрчил, халдлагад өртөх эрсдэл бүхий шатахуун түгээх станц, барьцаалан зээлдүүлэх газар, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллага аж ахуйн нэгжүүд нэг түрүүнд теле хяналтын камерыг суурилуулах бөгөөд тухайн байгууллагын дотор болон гадна орчинд гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчид албан бичигтэйгээр камерын бичлэгийг шалгах, бүрэн болон хэсэгчлэн хуулбарлан авах эрхтэй байх тухай журмын төсөлд тусгажээ.
ГХУСАЗСЗ-ийн гишүүд уг журмын төслийг дэмжсэн ба улмаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм.