Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Малчин сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Түмэнжаргал: “НӨУБ, ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН ДУНД ҮҮСЭЖ БУЙ УЛС ТӨРЖИЛТ, НАМЧИРХАЛ ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР, ГАРГАХ АРГА ЗАМ”

2017-11-27



Удиртгал

НӨУБ нь хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой. НӨУ ёс, төрийн удирдлага хосолсон тогтолцоо нь 1992 оны Үндсэн хуулиар баталгаажиж эхэлсэн бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа удирдлага болсон хуультай, зорилт чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүй, улс төр, оюун санаа, хууль зүйн үндсэн баталгаагаар хангагдсан өөрийн удирдах ёсны шинжтэй, бие даасан байгууллага юм.

МУ-д ардчилал, зах зээлийн харилцаанд орсон тэр үеэс шинэ Үндсэн хууль батлагдсанаар нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Үүнд: МУ-ын иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж, эрх зүйн орчин үүсч өгсөн бөгөөд энэхүү хуулиар нийгмийн амьдралын бүхий л харилцаа зохицуулагдсан байдлаг. Үүнтэй зэрэгцэж нутгийн удирдлагын хууль “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль ” батлагдсан.

Сэдэв сонгосон үндэслэл: МУ-д улс төрийн үйл ажиллагаа давамгайлж Монголын нийгэм эдийн засаг, иргэдийн амьдрал сонгуулийн 4 жилээр хэмжигддэг шиг санагдах боллоо. Аль нам сонгуульд ялснаас тухайн дөрвөн жилд ажиллах төрийн албан хаагч ажилтай, амьдралтай байх эсэх нь шийдэгдэхэд хүрээд байна. Улс төржилт, намчирхал улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд хүндрэл, саад бэрхшээлтэй учруулж байгааг бид өмнөх сонгуулиудаас хангалттай харж байгаа билээ. Гэвч иргэд маань саналаа өгч улс төрийн хүчнийг гаргаж ирсээр, сонголт буруу байсанд харамсах хүмүүс ч байна.

 Иймд ямар ч зорилгогүй улс төрийн намд саналаа өгдөг иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах ёстой төлөөлөгч, гишүүд ч хариуцлага хүлээх, харилцан бие биенээ хүндэтгэх, үнэн худал нь мэдэгдэхгүй улс төрийн тэмцэлээс гарах гаргалгааг эрэлхийлж энэхүү сэдвийг сонгосон болно. Энэхүү эцэс төгсгөлгүй улс төрийн маргааныг шийдэхэд орон нутагтаа шударга зарчмыг баримтлан ажиллаж, дээд шатны эрх мэдэлтний шйидвэрээр биш иргэдийн оролцоотой, иргэдтэйгээ хамтран орон нутгийн эрх мэдлээ хэрэгжүүлж, бие даасан НӨУБ-ын үйл ажиллагааг дэмжих нь зүй ёсны хэрэг болов уу.

 

Зорилго: Орон нутагт төрийн удирдлага болон НӨУ-ын эрх мэдлийн харилцааны асуудлыг шийдвэрлэхэд оршино.

Зорилт:

    Орон нутгийн эрх мэдэл, харилцааны асуудлыг хэрэхэн шийдвэрлэж чадаж байгааг тодорхойлох

    Орон нутагт эрх мэдэл нөлөө үзүүлж буй эсэх, үүнээс хэрхэн ангижрах

    Иргэдийг улс төржилт, намын хүчтэй үзэл бодлоос ангид байлгах

 

Нэгдүгээр бүлэг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага

 

Монгол улсын Үдсэн хуулинд “ МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан. Ингэхдээ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллахыг тусгасан байдаг.

        НӨУБ нь төрийн болон төрийн бус байгуулага биш, Үндсэн хуулиар эрх үүрэг нь тодорхойлогдсон, орон нутгийн өмчийн эзэн байгууллага юм. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрийн ард түмний нийгмийн асуудал, тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд бие даан шийдэрлэж чаддаг, өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай, өөрийн гэсэн өмчтэй иргэдийн төлөөллийн нөгөө талаас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгуулага юм.

Нутгийн удирдлага нь төвийн удирдлагаас ангид орон нутгийн түвшний удирдлагыг хэлэх бөгөөд энэ нь Засаг захиргаа, удирдлагын арга барилтай зөв хослох чиг үүргийг хэрэгжүүлэхэд ард иргэд нь оролцох боломжтой, гадны ямар нэгэн нөлөөлөл, хяналтаас салангид байж орон нутгаа засаглах бүрэн эрхийн асуудал юм. Энэ нь тухайн орон нутагтай холбоотой ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр гарах үр дүн дээшилж, амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэж, асуудал сайнаар шийдэгдэнэ. Иргэдийнхээ амьдралын тулгамдсан асуудлыг олж шийдэж чадаж байна гэдэг нь иргэдийн оролцоо дээгүүр, орон нутгийн бодлого нь иргэд рүү чиглэсэн байгааг харуулдаг.

НӨУБ нь төр засгийг иргэдтэй холбох гүүр нь болж өгдөг. НӨУБ-ийн үндсэн чиг үүрэг нь:

    Орон нутгийн ажил хэргийг шийдвэрлэхэд иргэдийг орлцуулах

    Төрийн үйлчилгээг иргэдэд  хуулийн хүрээнд, түргэн шуурхай хүргэх, асуудлыг зөв шийдвэрлэх

    Иргэдийн хүсэл эрмэлзлэл ажил хийх гэсэн санаачлагыг дэмжих

    Сум орон нутгийн чанартай асуудалд ач холбогдол өгч бие даасан үзлээр хандах

Хоёрдугаар бүлэг

Иргэд хөдөлмөрчдийн дунд үүсэж буй улс төржилт, намчирхал

түүний үр дагавар, түүнээс гарах арга зам

НӨУБ-ын тогтолцоо нь:

    Аймаг, нийслэлийн ИТХ

    Сум, дүүргийн ИТХ

    Баг, хорооны ИНХ.

Үүнээс үзэхэд НӨУБ нь тухайн орон нутгийн иргэдийн өөрсдөө сонгосон байгуулага юм. Иймд нийт иргэдийнхээ ашиг сонирхолыг илэрхийлж, тэдний сайн сайхны төлөө үйлчлэх байгуулага гэж үзэж байна.

Гэтэл сонголтоо хийсэн иргэдийн дунд сонгогдсон төлөөлөгчөө үгүйсгэх, бидний эрх ашигийг хамгаалж, бидний нэрийн өмнөөс асуудлыг шийдвэрлэхэд үг хэлж чадахгүй байна, намын нэрээр гарсан гэх мэт шүүмжлэл үргэлж гарч ирсээр байна. Энэ юутай холбоотой вэ?

Монгол улсын төр тогтвортой байж, үйл ажиллагаа тогтмолжуулж, гаргасан хууль дүрмээ мөрдөж ажиллахгүйгээс иргэдийн дунд үүсэх зөрчил, маргаан, улс төржилт газар аваад байна. Нөгөө талаас НӨУБ-д орж ирсэн иргэдийгээ төлөөлж гарсан төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой. Нэгэнт иргэдээсээ итгэл хүлээлгэж сонгогдсон бол ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд тэдний эрх ашгийг хамгаалах, санал бодлыг нь сонсож, шийдвэр гаргахад иргэдээс гарсан саналыг тусгаж ажиллах хэрэгтэй.

            НӨУБ-аас илүүтэйгээр Засаг даргын байр суурь, эрх мэдэл дээгүүр байгаа нь иргэдийн дунд намын үзэл бодлоор талцах нөхцөл байдлын нэг шалгаан гэж үздэг. Яагаад гэвэл Засаг дарга нар төрийн бодлогоос илүүтэйгээр тухайн намын бодлогоо илүү баримтлах гээд байдаг, дээд шатны байгуулага болон улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй байнгийн холбоотой байж тэдний шийдвэрийг орон нутагтаа тусгах зэрэг бие даасан шийдвэр гаргаж, иргэдийн саналыг харгалзан үзэхгүй байдал гарч болзошгүй. Энэ нь  иргэдийн дунд сөрөг үр дагавар дагуулдаг.

Иймээс  орон нутгийн онцлог, зах зээл, эдийн засаг, хөгжлийн болмжид нийцүүлж ажиллах ба НӨУБ нь өөрдийгөө чадавхижуулж, үйл ажиллагаагаа чанаржуулах, санхүүгийн хувьд бие даасан байх шаардлага гарч ирж байна.

ИТХ-ын дарга, төлөөлөгчид сум орон нутгийн бодлогыг төлөвлөж, хяналт тавьж ажиллахад төсөв санхүүгийн боломжгүй учир байнга иргэдтэйгээ хамтран ажиллах нөхцөл бүрдэж чадахгүй байна. ИТХ –ын төсөв хангалттай хүрэлцвэл төлөөлөгчид, иргэд рүүгээ чиглэсэн дорвитойхон арга хэмээг авч ажиллах боломж нээгдэж байна.

Сонгуулийн үр дүнд олонх болсон намын төлөөлөгчид хамтарч ажиллах тал дээр сул, дотооддоо хагаралтай, сөрөг хүчнээ хайхрахгүй байх зэргээс улс төржилтийн асуудал үүсэн гарч байна уу гэж үздэг. Олонхи болсон ч цаана нь цөөнх болсон төлөөлөгчид мөн л адил ард түмний төлөөл болж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ирсэн байдаг. Тэдний шийдвэрийг харгалзан үзэх, хамтран ажиллах, бие биенээ хүндэтгэх харилцааг эрхэмлэн ажиллах нь чухал.

ИТХ-ын төлөөлөгчид бол сонгуулийн үйл ажиллагааны үед л намын үзэл бодлоо илэрхийлэхээс биш бусад үед бол ИТХ-ын төлөөлөгчид ард түмнийхээ талд байж, иргэдээ сонсож ажиллах ёстой. ИТХ хуралдсан ч, иргэддээ мэдээлэл хүргэсэн ч хэн нэгний нэр хүндэд халдаж хэн нэгнийг буруутгаж, алдаа дутагдлыг хайж эхэлснээр иргэдийн дунд намын үзэл бодлоор талцах асуудал хурцдаж эхэлдэг.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн үйл ойлголцол, маргаан нь доод шатандаа маш хүчтэй нөлөөлж, үнэн худал нь мэдэгдэхгүй  энэхүү байдал үргэлжилсээр иргэдийг улс төрийн дуусашгүй тэмцэлд турхирч, иргэдийн бие даасан үзэл бодолд ч нөлөөлж байна. Энэ сөрөг үйлдэл нь нийгмийн бүх давхаргыг хамарч байгаа нь харамсмаар...

Иймд иргэд, ард түмэн өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, бие даасан үзлээ бататгаж, сум орон нутгаа хөгжүүлэх төрийн үйл хэрэгт хамтран оролцож, үзэл бодлоо айж эмээхгүй чөлөөтэй илэрхийлэх, орчиндоо амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд төр засаг, НӨУБ-аас анхаарал хандуулах цаг нэгэнт иржээ.

Улс төржилт, намын үзлээс гарах арга зам, гаргалгаа

Орон нутгийн иргэдээсээ сонгогдож эрх мэдэл бүхий албан тушаалд хүрсэн ИТХ-ын дарга, Засаг дарга болон бусад албан тушаалтнууд хамтран ажиллаж, иргэдийнхээ хүсэн хүлээж буй амьдралын асуудлыг шийдвэрлэхэд харилцан бие биенээ хүндэтгэж, бие биенийхээ нэр хүндэд халдахгүй, иргэд рүү чиглэсэн шийдвэр гаргах

    Хамтран хийсэн ажлаа иргэддээ тогтмол тайлагнаж мэдээллэх /ном гарын авалга, сэтгүүл, цахим хаяг, видео бичлэгээр /

    Мэдээж хэрэг сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид олон төрлийн харилцаатай, өөр өөр мэдлэг боловсролтой, өөр өөр үзэл бодолтой хүмүүс орж ирсэн байгаа, иймээс эдгээр хүмүүсийг нэг ангийн сурагчид шиг нэгтгэх, бие биенээ хамгаалах, өмгөөлөх сэтгэлтэй, нэгдмэл болгох / ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын ажлын алба /

    Төлөөлгчдөд үүрэг даалгавар өгч ажиллуулах, үр дүнг нь хянах, сар бүр төлөөлөгчдөд сургалт зохион байгуулах, харилцан бие биенээсээ мэдээлэл солилцох зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулснаар төлөөлөгчид нэгдэж хамтран ажиллах боломж бүрэднэ

    Хэдийгээр ИТХ-ын төлөөлөгчид маань Улс төрийн албан тушаалтан ч зөвхөн намын үйл ажиллагааны үед л үүнийгээ илэрхийлэх бусад үед иргэдийнхээ үзэл бодлыг илэрхийлэгч, орон нутгийн хөгжлийн бодлогыг зөв гаргагч байх

    Ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар зорьсон бол өөрийгөө чадавхижуулах, сэтгэл зүтгэл гаргаж ажиллах

    Орон нутгийн бодлогоо иргэд рүү чиглүүлж, тэдний ахуй амьдралд нийцсэн, зөв шийдвэр гаргах

    Төлөөлөгчдийн ажлын үр дүн адил байх тул харилцан бие биенээ хүндэтгэх, хамтран ажилласнаар иргэдийн үзэл бодол тогтворжиж, бие даасан үзэл бодол нь давамгайлж эхэлнэ.

    Төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд түргэн шуурхай хүргэх, иргэдээс санал асуулга авах, БИНХ, төрийн үйл хэрэгт тогтмол оролцуулах, сум багийн удирдлагуудын талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, хяналт тавьж ажиллах

    Иргэдийг намын үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй төрийн үйлчилгээ, тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөрийг иргэдэд  тэгш хүртээх, иргэдийг намын өмч мэт үзэхгүй байх

Дүгнэлт

НӨУЁ хөгжсөнөөр төрийн тогтвортой байдал, иргэд өөрсдийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдэнэ. Ийнхүү гарсан шийдвэр нь орон нутгийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой. Яагаад гэвэл тухайн орон нутгийн иргэдээс өөр хэн ч тухайн сумынхаа хэрэгцээ шаардлага, эдийн засаг, санхүүгийн боломж нөөцийг мэдэхгүй учир НӨУБ орон нутагтаа тохирсон шийдвэрээ бие даан гаргана.

НӨУБ нь

    Орон нутгийн чанартай бүх асуудлаар бие даан шийдвэр гаргадаг байх

    Зохион байгуулалт, удирдлагын хувьд төрийн удирдлагаас ангид байх

    НӨУБ-ыг хэрэгжүүлэх хэлбэр нь зохион байгуулалтын хувьд олон янз байх /тухайн орон нутгийн онцлогт тохирсон /

    Санхүүгийн хувьд бие даасан, боломжтой, өөрийн гэсэн өмчтэй байх / төлөөлөгчид аливаа ажлыг зохион байгуулахад санхүүгийн хүндрэлтэй байнга тулгардаг /

    нутгийн оршин суугчид, иргэдийн оролцоог хангах, шийдвэр гаргах түвшинд оролцуулах

    Орон нутгийн хөгжүүлэх чиг үүргээ зөв тодорхойлох

    Орон нутагтаа хууль тогтоомж, нийгмийн дэг журмыг сахиулах

    Хууль тогтоомжоор баталгаажсан эрхээ хамгаалах, зорилго чиг үүргээ бүрэн дүүрэн ашиглаж, хэрэгжүүлэх

    Гарсан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүлсэн байх

    Үйл ажиллагаагаа тогмтол болгох, ажиллах орчин нөхцлөө бүрэн хангах

 Удирдах, удирдуулах зарчмыг мөрдөж ажиллах зэрэг нь НӨУБ-ыг  бэхжүүлэх үндэс суурь болж өгнө.

Иргэдийн орлцоо, санаачлагыг хэрхэн нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргагчид хамтран ажиллаж тэдний үзэл бодлыг сонсож, амьдрах тохьтой орчинг нөхцлийг бүрдүүлж өгөх талаар анхаарах нь зүйтэй. Ингэснээр төр иргэний холбоо бэхжиж, иргэдийн оролцоо, санаачлага, хяналт сайжирна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%