Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨЛДӨВ

2017-11-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг аяны хүрээнд өнөөдөр /2017.11.17/ “Өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын үүрэг оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. 
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, Цагдаагийн газар, ГБХЗХГ, Мэргэжлийн хяналтын газар болон архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудын удирдлагууд, ЕБС-ийн эцэг эхчүүдийн удирдах зөвлөлийн дарга нар, иргэдээс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцлоо. 
Уг арга хэмжээний эхэнд Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Баярчимэг “Өсвөр насны хүүхдүүдийн архи тамхины хэрэглээ, ахуйн хэрэглээний газын хөнөөл” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 599 хүүхэд гэмт хэрэг холбогдсон, үүнээс 6 хүүхэд архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэж эрүүлжүүлэгдсэн тухай мэдээлэв. Мөн Улсын Ерөнхий Прокурорын газраас амиа хорлолтын шалтгаан нөхцөлийн талаар хийсэн судалгаанд өсвөр үеийнхэн амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь нотлогджээ. Хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг эх байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр ийм аймшигтай алхмыг сонгож байгаа нь хүн бүхний анхаарах ёстой асуудал болохыг тэрээр нийт эцэг эхчүүдэд анхааруулж байна. 
Мөн зөвлөгөөний үеэр аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Н.Дуламсүрэн “Өсвөр насны хүүхдийн архи, тамхи, ахуйн хэрэглээний газ хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон мэдээлэл”, Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч М.Гансүх “Өсвөр насны хүүхдийн архи, тамхи, ахуйн хэрэглээний газ хэрэглэсний хор уршиг, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм. 
Эдгээр мэдээллүүдээс насанд хүрээгүй хүүхдүүд дэлгүүрээс архи, тамхи, ахуйн хий (газ) чөлөөтэй худалдан авах бүрэн боломжтой, архи, тамхи, ахуйн хий (газ)-ыг сонирхож, найзыгаа дуурайж хэрэглэсэн тохиолдол зонхилсон бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс өсвөр насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. 
Мөн зөвлөгөөний үеэр Жигүүр цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч н.Ундаръяа охины тавьсан “Аав ээж минь ийм л байгаасай” сэдэвт илтгэлд хүүхдүүд эцэг эхийгээ өөрсөдтэй ярилцаж байхыг хүсдэг бөгөөд үнэнээ хэлээд загнуулсан тэр цагаас эхлэн хүүхэд худлаа ярьж эхэлдэг тухайгаа илэрхийлэн, томчуудаас хүүхдүүдээ “Хайртай шүү” гэж хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ? Хамгийн сүүлд хэзээ охин/хүүтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлсэн бэ? Хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ ярилцсан бэ? Охин/хүүгээ ямар мэргэжил эзэмшихийг хүсдэгийг мэдэх үү? зэрэг асуултыг тэдэнд тавьсан юм.
Зөвлөгөөнд оролцогчид өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэднийгээ хамгаалахад  төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байгааг сайшааж, сургууль, цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулах, 10 хүртэлх насны хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, авах, сургуулийн ойр орчим болон орон сууцны байруудын нэг давхарт архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахыг хориглох, ПС тоглоомын газрууд, өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдүүдээ архи, тамхи, газ авахуулахаар дэлгүүр явуулахгүй байх зэрэг саналуудыг гаргалаа. 
Уг зөвлөгөөний төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат аймгийн ГХУСАЗСЗ-өөс хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сургуулийн цагдаа, Оюутан цагдаа зэрэг хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа, мөн “”ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” аяны хүрээнд олон талт арга хэмжээг авч байгаа тухай мэдээллийг хүргэсэн юм. Мөн “Өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын үүрэг оролцоо” сэдэвт зөвлөгөөнөөс гарсан саналуудыг тусган  хамтран ажиллах тухай ЗӨВЛӨМЖ гаргаж олон нийтэд сурталчлан таниулж, хамтран ажиллахаар болсон өнөөдрийн арга хэмжээний хамгийн гол үр дүн юм хэмээн онцлов. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%