Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Д.Мижиддорж: Би Дарханы замын хаана, юу байгааг нүдээ аниад ч хэлнэ

2017-10-25

ESA: Улаанбаатар-Дарханы чиглэлд такси үйлчилгээ эрхэлдэг “Соната 6”-гийн жолооч эмээг энэ замаар зорчигчид “Дарханы өндөр ээж” гэнэ. Энэ чиглэлд сүүлийн 20 жил жолоо мушгиж байгаа Д.Мижиддорж гуай  тэтгэвэртээ гарсан цагаасаа хойш л энэ ажлыг эрхэлж байгаа аж. Нас хэдийнэ 70 гарсан ч хөнгөн шингэн түүнээс зорчигчид нь нас  сүүдрийг нь сонирхон асуудаг ч, “Эмэгтэй хүний насыг асуудаг юм уу. Тэр тусмаа ахмад настай хүний?” гэж хэлээд амыг нь таглачихдаг аж. Цагдаа нар үе үехэн шүгэл үлээж, зогсоочихоод зогтусан “Бас л та юу. Таныг машин барихаа боль гэсэн шүү” хэмээн сануулахад “Энэ замыг эвхээд тавьчихаагүй цагт эмээ нь явна шүү дээ” гэж хариу хошигноно. Харин хөвгүүддээ “Би дөрвөн хананы дунд сууж чадахгүй ээ” гээд томорчихно. Ийм л нэгэн “дэггүй”  зочныг бид ярилцлагын ширээнээ урихаар утас цохьтол, “Би ч юу ярих билээ” гээд цааргалах янзтай. Тэгээд нэг биш нэлээн хэдэн удаа түүнд хүсэлт тавьсны эцэст уулзах болзоо тогтоолоо. Хуучин цагийн хүмүүжлээр тэр яг л цагтаа, машинаа унасаар ирлээ. Хотын төвд уулзсан бид машины зогсоол хайж Сүхбаатарын талбайн баруун зам руу ороод түгжирч орхив.

 Сурвалжлагч миний бие жаахан адгаж эхлэхэд,  “Хөдөлгөөний соёл гэж сүрхий юм бий. Жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй ханддаг бол асуудал гарахгүй л дээ. Бага залуу хүүхдүүд нэг  удаагийн болчимгүй үйлдэл юунд хүргэхийг ойлгохгүй байна. Техникээ мэдрэхгүй байна. Эрхээ эдлэхээ мэдээд байгаа ч үүргээ биелүүлэхгүй байна гэдэг завхрал юм шүү” хэмээн тайван өнгөөр өгүүлэнгээ, цаанаа л намбалаг бөгөөд донжтой нь аргагүй “маневр” хийх нь эмээд тун зохих ажээ.


 ESA: Өнөөдрийн ажил бүтэмжтэй юу?

-Өглөөгүүр Эх нялхас орж ачаа эмнэлэгт үзүүлэх ажилтай байлаа. Тэрийгээ амжуулчихсан. Тэтгэврийн бид чинь ажилгүй юм шиг хэрнээ тун ч завгүй улс шүү дээ. /инээв/

  ESA: Жолоо мушгиад олон жил болж байна уу?

-Би чинь 1951 онд Архангайгаас хотод ирсэн хүн. Сургууль, соёл гэж айхтар яваагүй ээ. Долдугаар анги төгсөөд, түүнээс хэдэн жилийн дараа буюу 1962 онд жолооны курст орж суралцсанаас хойш өнөөдрийг хүртэл мэргэжилдээ үнэнчээр зүтгэж явна. Нэг жилийн сургалтаар ямар их юм сурна гээч. Одоо ч мэдэхгүй ээ. 45 хоног сурахаас хорин хэд хоноод л жолоонд гарчихдаг бололтой. Гэхдээ сайн мэдэхгүй юм. Зарим нь “Энэ чавганц хилсдүүлж байна” гэхвий дээ.

  ESA: Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?

-Бидний залууд намын илгээлт ид “мода”-нд ороод байсан үе. Анх эвлэлийн илгээлт,  намын уриагаар Гутлын үйлдвэрт ажилд ороод нэг жил болсон. Дараа нь Чехийн гутлын үйлдвэрт зургаан сар дадлагажигчаар явж ирээд  хоёр жил ажилласан. Хүнийг хувь тавилан хөтөлдөг гэдэг үнэн шүү. Өөрийн гэсэн ажилтай хэр эв надад жолоочийн ажил л гоё санагдаад болдоггүй. Ингээд нэг өдөр шийдвэр гаргаж, жолооны курсийн “сурагч” болсон түүхтэй. Ер нь гоё санагдсан юм гэдэг чинь л  оноолт юм шиг байна. Хувь тавилан намайг “Машин барь” л гэсэн байх гэж боддог.


ESA: Дараа нь хаана ажилладаг болсон бэ?

-Хотын худалдааны баазад тээвэрт явдаг байлаа. Одоогийнх шиг бараа таваар олдохгүй шүү дээ. Бөс бараа,идэж уух юу л байна, бүгдийг нь хольж ачаад хөдөө гарна. Гэхдээ тээвэрт  удаан яваагүй ээ. Ойр ойрхон хүүхэд төрүүлээд хэсэг хугацаанд завсарлачихсан. Нэг мэдсэн цаг хугацаа сүрхий өнгөрчихөж. Жолооч нар  янз бүрийн  машин унадаг, бас засдаг болчихож. Тэгсэн тухайн үед  Улаанбаатар хотын Хужирбуланд БХЯ-ны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги байгуулагддаг юм.  Гурав ба түүнээс дээш жил жолоочоор ажилласан хүнийг түргэний болон галын машины жолоочоор ажилд авна гэнэ. Би ч шалгуурт тэнцэж, түргэний тэргийн жолоочоор ажиллах боллоо. Манай анги хамгийн сүүлийн үеийн шинэ техникүүдийг эгнүүлнэ шүү дээ. Одоо ч гэсэн ялгаагүй. Энд би УАЗ 450 гэж пургон унадаг байсан юм. Тэргээ хэдэн жил барьж байгаад жаахан жаахнаар тушаал дэвшиж, автын механик болсон. Ангидаа байгаа байлдааны техникүүдийг  барина, засна. Цэргүүдтэйгээ наадмын бэлтгэлд гарна.  Энэ пуужин техникийг АХ-ын баяр наадмаар таван жил чирлээ. /зургийг нь үзүүлэв/ 800 гаруй залуусыг машин техникт дадлагажуулна гээд ажил мундахгүй. Энд 20 гаруй жил ажиллаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. Улсад нийт 30 гаруй жил ажиллах хугацаандаа ЗИЛ 157, ЗИЛ 131, А 69, Б 69, УАЗ 450, 61, 51-ийг барьжээ.

 ESA: Эмэгтэй хүн том тээвэр барихаар “эвэртэй туулай” шиг санагдах байхдаа?

-Армид дурлаад л орсон юм чинь хэн яаж харах нь ямар хамаатай юм. Ажлаа хийж байгаа хойно. “ЗИЛ 131”-ээ бариад л Шонхор зусланг барьж байсан  цэргүүддээ хоол хүнс зөөдөг байлаа. Мандалын төвөөр ороод мод чулуу, гол горхи аль таарсан газраараа дайраад л  гарна. Холын замд явахад бороо шороо, шавар шавхай асуудал биш. Хүчтэй тэрэгтэй явах л хамгийн гоё.

 ESA: Одоо ч ажиллаж байна, тиймээ?

- Тэтгэвэрт гараад удаагүй байхдаа тендэрээр ялж, Дархан - Улаанбаатарын хооронд нийтийн тээвэрт явах болсон юм. Түүнээс хойш  мөн л 20-иод жил өнгөрчээ. Ид үедээ долоо хоногтоо зургаан удаа явдаг байлаа. Одоо тэрийгээ гүйцэхгүй ч явна аа. Зорчигчид маань ч намайг андахгүй. “Дарханы өндөр ээж” л гэдэг юм. Залуу явахад хамт олны сайхныг тэр бүр мэдэрдэггүй байж. Өглөө цуглалаа, ажилтай гүйж яваад л тарах цаг болоход гэрийн зүг яарцгаана. Тэр цаг хугацаа ямар ч хурдан өнгөрөө вэ.

   Надаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид чинь миний хамт олон. Эднийгээ би энэрэхгүй бол хэн энэрэх билээ. Улаанбаатараас Дархан ороход 15 мянган төгрөгөөр явдаг юм. Заримдаа ч байгаа нь л энэ гээд 12.13 мянган төгрөг бариад ирнэ. Ээж шигээ санаад учраа хэлж байхад би яалаа гэж татгалзах билээ, “Суу, суу” л гэдэг юм. Суусан хойноо “Таныг хохироож байгаад уучлаарай” гэхээр нь, “Би хохирохгүй ээ” л гэнэ. Хамт олны буян гэж байна. Дараа нь талархсан сэтгэлээр нэг, нэг бөндийсөн юм бариад ирэх нь энүүхэнд.  Гэхдээ сайн, муу хосолж байдаг хойно доо. Зарим нь гайхсан байртай харна аа. “Энэ их шуналтай. Өдий насанд ач зээгээ хараад гэртээ суух цаг биз дээ” гэх нь чих дэлсэж л байдаг. Гэхдээ би тоодоггүй ээ. Хүүхдүүд бол “Наад биеэ бод” гээд л хорино. Ингэж олон жил машин барьчихаад дөрвөн хананы дунд яаж зүгээр суух юм бэ. Би чинь энэ хүрдний ард суухаараа л сэргэдэг хүн.


 ESA: Дуртай ажлаа хийж байгаа хүн л хамгийн аз жаргалтай харагддаг шүү дээ?

-Нас гэдэг чинь тоо. Миний хоёр нүд харж, дөрвөн мөч хөдөлж байгаа цагт би замд явна. Тэрнээс миний хэдэн настай байх хамаагүй. Намайг хэн нэг шалгах хүн дэргэд суулгачих л даа. Би Дарханы замын хаана, юу байгааг нүдээ аниад л хэлнэ. Гэтэл нас залуу атлаа гуперээ гээчихээд давхиж яваа жолооч байж л байна.

     Хааяа болиод хотод таксинд явъя гэхээр хөдөлгөөний ачаалал их байна. Тэрнээс биенийхээ чилээг гаргаж, дөрвөн уулынхаа дунд давхиж явахад буруудах юмгүй л дээ. Энэ муугаа сайхан унаж байгаад аль нэг хүүдээ “хоол ундандаа нэмэрлэ” гээд өгөхөд авах юмгүй баахан замаск болчихвол яалтай билээ дээ.

 ESA:Холын замд дуу аялна биз?

-MP-дээ дуу суулгаад аваад л гарна. Тэгэхгүй бол холын замд хүмүүсдургүйцнэ. Би ая тухтай атлаа аюулгүй үйлчилгээг үзүүлэх ёстой.

 ESA: Сүүтэй цайгаа халуун савандаа хийгээдл  замдаа гардаг байх даа?

-Үгүй үгүй, би сүүтэй цай бараг уудаггүй. Хоол унд бэлтгэж сүйд болохгүй. Замын “Бамбарууш”,  “Урьхан”-ыхан маань үнэгүй дайлчихдаг.

 ESA: Та хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Би найман хүү, долоон бэртэй. Том нь 60, хамгийн бага нь 42 настай. Ач, гучийн тоо 30 дөхөж байна. Хөвгүүдээс маань уул уурхайн инженер байна, биеийн тамирын багш байна, жолооч нь ч байна. Биднийг Дархан нутаг, алтан шар зам олон жил ивээж, хишиг буянаа хайрласан. Тэтгэвэрт гарснаас хойш энэ хэд маань ч тусад орж, бие биенээ аваад явахаар болсон. Арми чанга шүү дээ.Хэдэн цагт ч дуудсан бэлэн байна. Тэрнээс эмэгтэй хүн гээд “арын хаалга” байхгүй. Улс хувьсгалын 60 жилийн ойгоор парадад жагсах арван шинэ “61”машин ирээд  цэргүүдтэйгээ төмөр замаас буулгаж авч байлаа. Тэгээд өнөө хэдтэйгээ 20-н хэд хоногоор хээр гарч  парадын бэлтгэлээ хийнэ. Шөнө ид нойрон дунд түгшүүр зарлахад “Хэзээд бэлэн”гээд хэдэн хүүхдээ орхиод л гарна. Хүүхдүүдийн маань том нь жижгээ хариуцаад үлдэнэ. Армийн шаардлага биелүүлэхгүй бол би тэнд байж тэнцэхгүй. Ер нь одоо эргээд харахад дандаа л эрчүүдтэй ажиллаж, амьдарч иржээ. Армид ч, гэртээ ч, аян замд ч. Тэгээд цэргийн газар ажиллаж байсан болохоор жаахан захирангуй талдаа. Ер нь хүүхнүүдийн эвийг олж харилцахдаа маруухан хүн шиг байгаа юм.

 ESA: Таны хань ямар ажил хийдэг хүн бэ?

-Бурхан болоод 42 жил өнгөрч байна.  Замын цагдаад ажиллаж байгаад, ослоор бурхан болсон. Тэр үед найман хүүгийн маань том нь 18,19-тэй бага нь өлгийтэй өнчрөн үлдэж байлаа. Гэсэн ч би амьдралын хатуу ширүүнд шантраагүй. Миний л хувь тавилан  хойно, сайнтай нь эвлэрч, муугаас нь зугтсаар өдий зэрэгтэй наслаад явж байна. Арми, алтан шар зам хоёр хүний насыг уртасгадаг юм байна. Ямар хувь тавилангаар БХЯ-нд орсон юмбэ гэж одоо ч баярладаг. Арми надад хатуужил, нягт нямбай чанар, эхэлснээ дуусгах чадварыг сургасан.

 ESA: Уучлаарай, тоогүй дурсамжийг нь сэдрээсэн бол?

-Зүгээр дээ. Сая хэлсэн шүү дээ, миний л хувь тавилан гэж.  Хүүтэй бол хүүхэнтэй гэдэг. Би чинь азтай хүн байгаа юм. Миний долоон бэр ярих юмгүй сайн хүүхдүүд. Тэд сайн хүмүүс учраас би сайн яваа юм. Эмэгтэй хүний элэг, сэтгэл гэдэг чинь нас оройтох  тусам хэрэг болдог юм байна. Эмэгтэй хүний элгээр настай хүнд хандана гэдэг ямар ч сайхан юм. Даанч би үгэнд нь орохгүй юм даа. /инээв/

 ESA:Та Архангайн хүн гэсэн үү?

-Тиймээ, Архангайн хүн. Миний эжий, аав малчин улс байлаа. Бид эцэг эхээс тавуулаа.  Биднээс эгч, дүү хоёр маань бурхан болсон.  Энэ дүү маань жолооч байлаа.


ESA: Эзэндээ ээлтэй машин гэж байж болох уу?

-Манайд явж байгаа машинаас Япон болон барууны машинууд сайн л даа. Гэхдээ эзний гар л мэднэ шүү дээ. Тэрнээс машин техник  өөрөө хэмхэрчихдэг юм биш. Хүн техниктээ яаж хандана, машин тийм л байна. Замын хөдөлгөөнд соёлгүй оролцоод шудраад давхиад байвал нэг их замаскдсан машинтай л үлдэнэ. Эд хөрөнгөө хайрламаар байгаа юм. Зам дээр явж байгаад гэнэт нэгнийхээ өмнүүр палхийгээд л орно. Түүний дараа юу болж болохыг ойлгодоггүй. Хүнийхийг ч, өөрийнхөө эд хөрөнгийг чхайрладаггүй. Энэ онгироо зан эвдээд байна л даа. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ мэдэх хэрэгтэй. Хотын  хөдөлгөөний дүрэм журмаа дээдлэхгүй юм бол алтан шар замд яваад яах ч юм билээ.

          Дээр үед чинь хамт олонтойгоо нийлээд л машинаа засчихдаг байлаа. Одоо дугуй хагарсан ч засварт аваачаад л өгчихөж байна. Бэлэн юм сайхан л даа. Гэхдээ юм бүхнийг бэлэнчлэх хэцүү юм. Хүүхдүүдийг “Нэг дугуй талх аваад ир” гээд 1100 төгрөг өгөөд явуулахаар, 1250-ийн зүссэн талх аваад ирэх жишээний.

 ESA: Таныг цагдаа нар олон зогсоодог уу?

- Хүмүүс сонин шүү. Заримдаа зогсоогоод“Машины  дугаараа зарах уу?” гэж хүртэл асууна гээч . Цагдаа нар хуульд нь 70 нас хүрсэн бол машин барьж болохгүй гэдэг ч тэдэн сарын төдний өдрийн тийм тогтоол байна аа гэж танилцуулж байсангүй. Хуулийн дор иргэн гэдэг. Хуулиа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа албаны улсыг хүндлэлгүй яахав. Хөгшин байсан ч хуулиа дагах л ёстой шүү дээ.  Гэхдээ одоо би хэчнээн жил ч машин барих вэ дээ гэж өөрийгөө зөвтгөөд л явна. Тэрнээсээ болоод загнуулна аа бас. Тэглээ гээд энд тоочиж хүн амьтан чилээгээд яахав.

 ESA: Ийнхүү ярилцсаар эмээ биднийг дөхүүлж өглөө.

 ESA:  “Хааяа хурдаа нэмээд давхих ямар сайхан гээч. Бороотой өдөр энэ их олон машины гэрэл гялалзаж гялтганаад цаанаа л  гоё харагддаг шүү” гэнэ. Өмнө  нь энэ “зураглал”-ыг анзааран харж байгаагүйгээ санаад, анзаарахын тулд дараагийн зуны бороог хүлээхээр болсноор бидний уулзалт өндөрлөлөө.УЛААНБААТАР, 2017-10-22 11:24, ESAП. УНДРАА

 ТҮҮХ ӨГҮҮЛЭХ ФОТО:





 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%