Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАРХАН СУМАНД БОЛОВ

2017-08-17

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.16) Дархан-Уул аймгийн Дархан суманд зохион байгуулагдлаа.

Төсөл хэлэлцүүлэгч баг болох УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан ажлын хэсгийн удирдан явуулсан сургалтад Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 багийн Засаг дарга нар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон төрийн байгууллагын албан хаагчид гээд нийт 40 гаруй хүн оролцов.

Сургалтыг
• Монгол Улсын Их Хурал;
• Монгол Улсын Ерөнхийлөгч;
• Монгол Улсын Засгийн газар;
• Төрийн алба;
• Шүүх эрх мэдэл;
• Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд явуулсан ба сургалтад хамрагдсан албан хаагчид дараагийн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг баг, сумдадаа үргэлжүүлэн зохион байгуулах юм.

Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Дархан сумаас гадна Орхон, Хонгор сумдын нийт 300 гаруй иргэн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгч баг хуулийн заалтуудыг харьцуулан тайлбарлаж буйд талархалтай байв.

Иргэдийн зүгээс: Дархан хотын статусыг сэргээх, сумын Засаг даргыг нийт иргэдийн дундаас сонгох, багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох нь зүйтэй, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрхийг ард түмэнд олгох, тэдэнд хариуцлага тооцох зэрэг асуудлуудад нэгдмэл саналтай байв.

Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж байгаа ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%