Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авилгатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авилгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгуулахаар заасны дагуу Дархан-Уул аймагт “Олон нийтийн дэд зөвлөл”-ийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Уг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Авилгатай тэмцэх газраас өнөөдөр /2017.06.29/ нэгдсэн цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад авилгын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчил, авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Олон нийтийн дэд зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ажиллах журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Олон нийтийн дэд зөвлөл нь авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, хөхүүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих үүрэгтэй юм.