Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН СУМЫН 1-3 ДУГААР БАГТ “ИРГЭНИЙ ТАНХИМ СОНСОЖ БАЙНА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-06-05

Иргэдийн индэр-Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг танхимын бус харин тухайн багийн нутаг дэвсгэрт иргэддээ хүрч ажиллан санал хүсэлтийг нь сонсох, харилцан санал солилцох замаар Төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна. 
Үүний дагуу Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран 6 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд Дархан сумын багуудад “Иргэний танхим сонсож байна” хэсэгчилсэн явуулын хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 
Дархан сумын 1-3 дугаар багт зохион байгуулсан /2017.06.02/ хэлэлцүүлэгт тухайн багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантуул, аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож иргэдийн асуултад хариулсан юм.
Уг хэлэлцүүлгээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн 300 хоногийн ажлын тайланг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан танилцуулав. 
Тэрбээр  Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1  тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 415.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 5.4 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
Үүнээс гэр хорооллын багууд тэр дундаа Дархан сумын 1-3 дугаар багт “Тохилог хороолол” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн хүрээнд Дархан сумын 1-р багт 340 метр авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 149.1 сая төгрөгөөр, Дархан сумын 3-р багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 900 метр авто замыг хатуу хучилттай болгоход  482.6 сая төгрөг, Дархан сумын 6,7,8-р багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 1.0 км авто замын хатуу хучилттай болгоход 600.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын төмөр бетон  гүүр хүртэлх 1.4 км авто замын шинэчлэлтийн ажлыг  787.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлыг  2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна хэмээн мэдээлэв.
Тус багийн иргэд явуулын хэлэлцүүлэг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Дархан сумын 1-3 дугаар багт нийтийн халуун усны газар, бие засах газар,  байгуулах, нийтийн эзэмшлийн газруудад тарьж буй модыг мэргэжлийн үүднээс зөв сонгох, том оврын автобусны хар утаа агаар бохирдуулж буй асуудлыг анхаарах, хог ачилтыг сайжруулах, 4 дүгээр сургуулийн төвийн халаалтад холбох зэрэг олон саналыг гаргасан ба ерөнхийдөө аймаг, орон нутгийн зүгээс гэр хорооллыг хөгжилд ихээхэн анхаарал хандуулж ажиллах хүсэлтийг тавьж байлаа. 
“Иргэний танхим сонсож байна” дараагийн нээлттэй хэлэлцүүлгийн хуваарийг та бүхэнд танилцуулъя. 6 дугаар сарын 5-нд 4, 5, Өргөө, Малчин багийн иргэд МСҮТ-ийн хурлын танхимд, 6 дугаар сарын 7-нд 6, 7, 8 дугаар багийн иргэд Энэрэл цогцолбор сургуулийн хурлын танхимд, 6 дугаар сарын 9-нд 9, 10 дугаар багийн иргэд ОИЦ сургуулийн А байрны хурлын танхимд, 6 дугаар сарын 12-нд 11, 12 дугаар багийн иргэд 9 дүгээр сургуулийн хурлын танхимд, 6 дугаар сарын 14-нд 13, 14, 16 дугаар багийн иргэд Од цогцолбор сургуулийн Б байрны хурлын танхимд, 6 дугаар сарын 16-нд 15 дугаар багийн иргэд Од цогцолбор сургуулийн В байрны хурлын танхимд тус тус хүрэлцэн ирж, Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцон, орон нутгийн цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтөд өөрийн санал бодлыг илэрхийлэхийг урьж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%