Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2017-05-23

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Үйлдвэрлэл технологийн парк хамтран  “Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал авах нь” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.05.23/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Насанбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллүүд, аймгийн Үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Ч.Цэндсүрэн болон Үйлдвэрлэл технологийн паркийн нэгж байгууллагууд болох 12 ААНБ-ын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцлоо. 
УИХ-аас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, үйл ажиллагаа, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 оны 12 дугаар сарын 27-нд баталжээ.
Уг хуулийн дагуу Дархан Үйлдвэрлэл Технологийн Паркийг 2011 оны Дархан-Уул аймгийн  74 дугаар тогтоолоор ИТХурал 60 хувийн хувьцаа, аймгийн ЗДТГазар 40 хувийн хувьцаа эзэмшигч орон нутгийн төрийн өмчит компанийг байгуулсан бөгөөд хүнд болон хөнгөн үйлдвэр, сургалт эрдэм шинжилгээ, жижиг дунд үйлдвэр гэсэн 3 бүсийг тогтоосон байна. 
Дархан-Уул аймгийн Үйлдвэрлэл технологийн парк нь Дархан Төмөрлөг, Эко ноос, Дархан минж зэрэг 12 үйлдвэр байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа тухай ҮТП-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэндсүрэн мэдээлэв. 
Үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтуудыг холбогдох хуультай уялдуулан дахин боловсруулах, зөрчлийг арилгах, Үйлдвэрлэл технологийн паркийн харьяа байгууллагуудыг татварын хөнгөлтөд хамруулах эрх зүйн орчныг сайжруулах, хамгийн гол нь үйлдвэрлэл технологийн паркийн тусгай зөвшөөрөл олгох болон, сунгах хугацааг 10 жил болгон нэмэгдүүлэх зэрэг хэрэгцээ шаардлагын улмаас “Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагтай хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас үзэж байна. 
Мөн Удирдлагын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх үүднээс нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх эрхийг олгох, байгууллагын санхүүжилтын эх үүсвэрийг тогтоож батлах  зэргээр эрх зүйн орчинг бүрдүүлж, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. 
Хэдийгээр Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагаас Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг сайн дэмждэг боловч ИТХ, ЗДТГ нь хувьцаа эзэмшдэг нь байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөллийг бий болгож, тогтвортой ажиллагааг алдагдуулах сөрөг нөлөөтэй хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Т.Чимэгсанаа анхааруулж байна. 
Хэлэлцүүлэгт оролцсон хувиараа бизнес эрхлэгчдийн зүгээс татварын хөнгөлтийн нөхцөлийг улам сайжруулах, экспортыг дэмжин татваргүй болгох, ҮТП-ын харьяаны бус газарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлтөд хамрагдах боломжийг бий болгох, нэгж байгууллагуудыг хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлтөд хамруулах зэрэг саналуудыг гаргасан бөгөөд сонирхсон асуултандаа хариулт авсан юм. 
Эдгээр саналуудыг  “Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусган ажиллах юм байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%