Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ХӨНГӨЛТТЭЙ ҮНИЙН ЖОРООР ҮЙЛЧЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

2017-04-21

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй үнийн жороор үйлчлэх журамд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг /2017.04.20/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа нар болон Дархан сумын Багуудын ИНХ-ын дарга нар, ахмадууд, иргэдээс бүрдсэн 130 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн газар болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй үнийн жорын үйлчилгээний өнөөгийн бодит байдал, цаашид авах арга хэмжээ”, “Эмийн үнийн хөнгөлттэй холбоотой хуулийн заалтууд, гарч буй зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд” гэсэн мэдээллүүдийг өгч,  хөнгөлттэй үнийн жороор иргэдэд үйлчлэх шинэчилсэн журмын төслийг танилцууллаа. 
Дархан-Уул аймагт хөнгөлөлттэй эмийн жороор эм олгодог 19 эмийн сан  ажилладаг бөгөөд үүний 16 нь Дархан суманд байрладаг. Иргэдэд хөнгөлттэй үнээр  183 төрлийн 817 эмийг олгодог ба үүнд зориулж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас жил бүр 690-850 сая төгрөгийг зарцуулдаг байна.
Мөн элэгний В, С вирусын вакцины хөнгөлтөд 1,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Хөнгөлттэй үнийн эмийн жорын үйлчилгээ нь иргэдийг хамгийн ихээр чирэгдүүлж бухимдуулдаг хэмээн шүүмжлэлд өртдөг бол нөгөө талаар эмнэлгийн байгууллагын ачааллыг эрс нэмэгдүүлдэг болохыг олон тоо баримтаас харж болно. 
Тиймээс Эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй үнийн жороор үйлчлэх шинэчилсэн журмыг боловсруулжээ.
Тухайлбал эмнэлгийн байгууллагын даргын баталсан үнийн хөнгөлттэй жор олгох хуваарийн дагуу сарын турш үзлэг хийж, жор бичих, эмч үйлчлүүлэгчид шаардлагатай үзлэг оношилгоог стандартын дагуу 15 минутаас доошгүй хугацаанд хийж, үүнд үндэслэн өдөрт 25-30 жорыг бичих, өвчний онош, эмнэлзүйн үе шатанд тохирсон эмийн жор бичих зэрэг нөхцөлүүдийг тусгажээ. Мөн Эмийн сангууд хөнгөлттэй эмийн талаарх мэдээ мэдээллийг тогтмол  шинэчлэх, хэвтрийн өвчтөнүүдэд ар гэрт нь хөнгөлттэй эмийг хүргэх, удаан хугацаанд хэрэглэх эмийг 30 хүртлэх хоногийн тунгаар бичих зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Хамгийн гол нь иргэд өөрийн болон гэр бүр ойр тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үүний тулд эрүүл зөв хооллолтыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж, эмийн зөв хэрэглээтэй байхыг холбогдох байгууллагуудаас уриалж байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%