Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтад болох нохой муурыг тэжээх хүмүүсийн сонирхол нэмэгдсэнтэй уялдан тэдгээрийн үржил,өсөлтийг хязгаарлах, эзэмших, тэжээх талаар гарсан дүрэм, журмыг мөрдүүлээгүйгээс эзэнтэй, эзэнгүй нохой, муурны тоо толгой олширч хүн, мал руу халдаж иргэдийн амьдралын тайван байдлыг алдагдуулах, хот орчныг бохирдуулах, хүн, малд өвчний халдвар тараах явдал байнга гарч байна.
Аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас тусгай анчин гаргаж батлагдсан төсвийн хэмжээгээр жилд дунджаар 300-400 орчим золбин нохой устгадаг боловч сумын нутаг дэвсгэрт байгаа барагцаалсан тооцоогоор 900 шахам жингэр зөвхөн нэг удаагийн төрөлтөөр 4-5 мянган гөлөг гаргаж 70 гаруй хувь нь өсөж бойждог тул нохойны өсөлтийг хязгаарлаж чадахгүй байна.
Иймд нохой, муурны тоо, толгойг нэмэгдүүлэхгүйн тулд золбин нохой, муурыг устгах ажлаас гадна бүртгэлжүүлэх, эзэнтэй нохой, муурын үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулах зорилгоор Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дархан хотын Захирагчийн алба, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газар, НААҮГ хамтран “Нохой, муурны нөхөн үржихүйг мэс заслын аргаар хязгаарлах боломж” төслийг боловсруулсан бөгөөд уг төсөлд иргэдийн саналыг авч тусгах ажлыг явуулж байна.
Та бүхэн албан ёсны цахим сайтын доорхи линкээр орж, уг төслийн төсөлтэй танилцан, өөрийн саналыг овог, нэр, оршин суух хаяг, холбгдох утасны дугаарын хамт бичснээр таны санал баталгаажих болно.