Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2017-12-06 13:56

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр Хуралдаан өнөөдөр /2017.12.01/ болж, Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов.


2017-12-06 13:56

Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч А.Янжмаа, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Г.Алтантуяа, Т.Ганболд, Г.Эрдэнэсүх нар сонгогдон ажиллалаа.

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт төлөөлөгчдөд Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн мэндийг аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлээд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлж, бодлого шийдвэртээ иргэдийнхээ санал санаачилгыг тусган тэдний оролцоог нэмэгдүүлэн, аж амьдралыг нь сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт билээ. Төсвийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3-д заасны дагуу өнөөдрийн хуралдааныг хуралдуулж байна хэмээн онцлоод, аймгийн ИТХ-ын 9 дүгээр Хуралдааныг албан ёсоор нээснийг мэдэгдсэн юм.

Хуралдаанаар “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн явц”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт, 2018 онд дэвшүүлэх зорилтын төсөл”, “Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт тодотгол хийх тухай”, мөн “Аймгийн 2018 оны төсвийн төсөл”, “Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

АЙМГИЙН ИТХ-Д 2 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МНУХ-НЫ ДЭЭД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн дотроос 4 удаа сонгогдон нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан Чимидцэрэнгийн Цэндсүрэнг МНУХ-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор, мөн Аймгийн ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн дотроос 3 удаа сонгогдсон С.Насанбат, Б. Азжаргал, тус бүр 2 удаа сонгогдсон Г.Алтантуяа, Д.Гантуул, Н.Лхагвасүрэн нарын нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнан урамшуулсан бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат гардуулан өглөө.

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээжит 9 дүгээр Хуралдаанаар /2017.12.01/ Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Д.Батжаргал, О.Энхзаяа нарын бүрэн эрхийг зөвшөөрсөн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Төлөөлөгчийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэн. идэвх санаачилгатай ажиллахыг хүсэв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР АЙМГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

Хуралдаанаар 2018 оны аймгийн төсвийн орлогыг 20,397.8 сая төгрөг, зарлагыг 20,564.3 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 458.9 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 918.6 сая төгрөг, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,544.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлагыг 737.6 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 2,195.4 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 34,060.8 сая төгрөгөөр тус тус баталж тус тус баталлаа.

АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛОВ

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах Үндсэн чиглэл, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг харгалзан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас аймгийн хэмжээнд 2017 онд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах”, “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьсан. Уг зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын хуралдаан, ИТХ-ын хороод, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, хяналт шалгалтын ажил, судалж боловсруулах болон бусад ажил гэсэн чиглэлтэйгээр нийт 8 бүлэг, 150 гаруй ажил төлөвлөн хэрэгжүүлжээ. ИТХурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хуралдаан юм. 2017 онд аймгийн ИТХ-ын хуралдааныг 4 удаа зарлан хуралдуулж, 12 асуудал хэлэлцэж, 11 тогтоол баталсан бөгөөд тухайлбал аймгийн хөгжлийн санхүүгийн эх үүсвэр болсон жил жилийн төсвийг хэлэлцэн баталж, явцын дунд шаардлагатай асуудлаар төсвийн тодотгол хийж төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж батлан ажиллаж байна. Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 23 удаа хуралдаж, орон нутгийн цаг үеийн 141 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 110 тогтоол батлан гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

2018 ОНЫГ АХМАДЫН ЖИЛ БОЛГОВ

2018 онд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, ахмадуудын нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг аймгийн хэмжээнд “Ахмадын жил” болгон зарлаж, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох, Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлсэн бөгөөд ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар баталлаа. Уг зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийг ханган ажиллахдаа аймгийнхаа ахмад настнууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй дэмжлэг, санал, санаачилга, оролцоонд тулгуурлан хийж гүйцэтгэх юм байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд