Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС САНАЛ АВАВ

2017-11-30 19:06
   Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс хэрэгжүүлж буй “Иргэн таны төлөө” аяны хүрээнд Иргэний танхимаас “Архигүй нийгмийг бий болгоход иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.11.30/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга  Г.Эрдэнэбат, Цагдаагийн газар, Хууль, Эрхзүйн хэлтэс, ХОХБТХ, МХГ, аймгийн Прокурорын газрын удирдлагууд болон согтууруулах төрлийн ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий ААНБ-уудын төлөөллүүдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцож  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг хэлэлцсэн юм. 
Дархан-Уул аймгийн хэмжээнд согтууруулах төрлийн ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 430 гаруй аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд энэ тоо нь зохих хэмжээнээс их, мөн  2017 оны  эхний 10 сарын байдлаар зөрчил гаргасан ААНБ 21 бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчил 4 илэрчээ.
Аймгийн хэмжээнд гарч байгаа 3 гэмт хэрэг тутмын 1 нь согтуугаар үйлдэгдэх зөрчлүүд байгаа учир согтууруулах төрлийн ундааны хэрэглээг хязгаарлах, улмаар гэмт хэргийн  гаралтыг бууруулах зорилгоор  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг боловсруулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр иргэдэд танилцуулсан юм. 
Иргэдийн зүгээс орон сууцны байруудын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудад өргөтгөлтэй болон өргөтгөлгүйгээр ялгаж, тусгай зөвшөөрөл олгодог байдлыг өөрчлөх, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг саналуудыг гаргасан бөгөөд  хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төслийг дахин шинэчилэн боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар уг журам нь хэрэгжиж эхлэх юм байна.  


2017-11-30 19:06


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд