Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ ТОВЧХОН…

2015-11-20 23:31

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9-т “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох суурь зарчим, мөн чанарыг илэрхийлсэн нэн ач холбогдолтой зохицуулалт юм.
Энэ нь ард иргэдээ тухайн тусгаар улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд жинхэнэ утгаар нь оролцуулах арга хэрэгсэл, ардчиллын үнэт зүйлсийн нэг хэсэг болдог ба тэрхүү улсын нийгмийн байгууллын төлөвшлийг харуулах үзүүлэлт нь аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангаснаар илэрхийлэгдэж байдаг. Тодруулбал, иргэдийн оролцоог хангаж чадсан эсэхийг үнэлж, дүгнэсний үндсэн дээр тухайн улсад ардчилал хэлбэрийн төдий оршиж байна уу, эсвэл мөн чанараараа оршиж байна уу гэдгийг тодорхойлох боломжтой гэсэн үг.
Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд баталгаажуулсан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох тухай заалт нь иргэд аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа, тэр дундаа өөрт нь хамаарал бүхий улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй, бүрэн гүйцэд авах, улмаар энэхүү үйл ажиллагаанд саналаа өгөх, үүний үндсэн дээр төр шийдвэр гаргахдаа иргэдтэй зөвшилцөх, тэдний зөвшөөрлийг авах буюу нэг ёсондоо иргэд өөрөө шийдвэр гаргагч болж, төр үүнийг баримтжуулах, баталгаажуулах үйл явц болохыг тодорхойлж буй хэрэг юм.
АНУ-ын нэртэй улс төр судлаач, Иэлийн их сургуулийн хуулийн тэнхмийн профессор байсан Харолд Ласвэлл ардчилсан нийгэм дэх шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангагдсан эсэхийг иргэд хэрхэн, яаж, ямар хэлбэрээр оролцож байгаагаас нь хараад дүгнэж болно гэж үзсэн байдаг.
1992 онд ардчилсан хувьсгал ялснаас хойших он жилүүдэд олон нийтийн жагсаал, цуглаанд оролцох, ард түмнийг төлөөлөн хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад сонгогдсон төрийн түшээдэд хандан санал, хүсэлтээ гаргах, цаг авч уулзах төдийхнөөр иргэдийн оролцоо хязгаарлагдаж байгаа нь харамсалтай хэрэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан санал, гомдол усанд хаясан чулуу мэт алга болдог, хэрхсэн нь мэдэгдэхгүй өнгөрдөг явдал жишиг болжээ.
Төр нь иргэдээ шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулахгүй байгаа төдийгүй төрөөс гаргасан шийдвэр нуугдмал, олонд мэдээлэгдэхгүй өнгөрөх тохиолдол ихэсч байна.
Ардчиллын жишиг болсон гэгдэх АНУ-ын Массачусетс мужид шүүхийн болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааны ил тод байдлыг зохицуулсан Massachusetts Law on Recording Court Hearings and Public Meetings үйлчилдэг бөгөөд төрийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримт бичиг, түүний дотор төрийн захиргааны ажилтны явуулж буй бүх үйл ажиллагаа, компьютерын файл, цахим шуудан ил тод байх байх ёстойг зааж өгсөн байдаг. Улмаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Мит Ромни тус мужийн захирагч байхдаа албан хэргээ хувийн цахим шуудангаараа явуулж байсныг тогтоосон ба ийнхүү төрийн үйл хэргийг хувийн цахим шуудангаар явуулсныхаа төлөө хариуцлага хүлээж байжээ. АНУ-д төрийн өндөр албан тушаалтнуудын бүх үйл ажиллагаа, уулзалт, ярианы тэмдэглэл ил тод байх тухай асуудлыг зохицуулсан хууль 26 мужид мөрдөгдөж байна.
Үндсэндээ шийдвэр гаргах үйл ажиллагаанд мэдээллийн ил тод байдал нэн чухал үүрэгтэй бөгөөд төрийн нууцад хамааруулсан, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолтой холбоотойгоос бусад бүх мэдээ баримттай иргэд чөлөөтэй танилцдаг байх, төр нь иргэдээ мэдээллээр цаг тухай бүр хангаж ажиллаж байвал шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах үндэс бүрдэж байна гэж үзэж болно.
Үүнийг хангах нэг дэвшилтэт арга зам бол мэдээллийн технологийн орчин үеийн арга туршлагыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэвтрүүлэх явдал байж болох юм. Хүн ам ихтэй, өргөн уудам нутагтай, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагааг тэр бүрий хүргэх боломж хомс зарим орнуудад цахим оролцоо (e-participation)-ны аргыг хэрэглэх хандлага давамгайлж байна. Үүнийг мөн цахим ардчилал, цахим засаглалын нэг хэсэг хэмээн харж болно.
Иргэд шийдвэр гаргах үйл явцад цахим хэлбэрээр оролцох тухай санаачлага 2000 оны эхээр АНУ, Европт бий болсон ба төр, иргэдийн хоорондын харилцааг ойртуулах, хялбарчлах, мөн шийдвэр гаргах үйл явцыг түргэтгэхэд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Нөгөө талаас иргэд өөрсдөө эрхээ шаардаж мэддэг, идэвхи санаачлагатай байх нь чухал. Иргэд нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхигүй, сул оролцож байвал төр нь тэдний оролцоогүй шийдвэр гаргах явдал улам бүр даамжирна гэдгийг байнга санаж, эрхээ үр дүнтэй, тогтмол шаардаж, улмаар эдэлж хэвших хэрэгтэй.
Эцэст нь тэмдэглэхэд, иргэдийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд үр дүнтэй оролцуулснаар иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдээд зогсохгүй төрийн бодлого, шийдвэр иргэндээ ойртож, ардчилал жинхэнэ утгаараа төлөвших бодит боломж бүрдэх учиртай юм.

- See more at: http://blog.mongolforum.mn/?p=1400#sthash.oaP5Zu9f.dpuf

2015-11-20 23:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд