Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ САРЫН 1,0 ХУВЬТАЙ БОЛГОЛОО

2018-01-10 11:28

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр манай яам Монгол банк болон арилжааны банкуудтай хамтран ажиллаж ирсэн. Банкны удирдлагуудтай уулзаж, яриа хэлцэл хийж, боломж бололцоог тал талдаа судалж ажилласны үр дүнд Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Ингэснээр тэтгэвэр авагч ахмадуудынхаа санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдэж буй бөгөөд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банкинд гэрээний дагуу эх үүсвэр байршуулах замаар тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.0, жилийн 12.0 хувь болгон тогтоож, хугацааг 12 сар болгон уртасгав. Энэ шийдвэрийг энэ сарын 16-наас хэрэгжүүлэхээр ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцсон байна. Түүнээс гадна сарын тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүгийн төлбөрт суутгаж үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч сар бүр авах зохицуулалтыг оруулж өгсөн нь зээл авсан ахмад настан тэтгэврийн мөнгөө бүтнээр нь зээлийнхээ төлбөрт өгч гар дээрээ ямар ч мөнгөгүй үлддэг байсныг өөрчилж тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй юм. 
Зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, тодорхой хэсгийг нь үлдээж байх зэрэг санал манай яамны нэр дээр олон ирдэг. Хэдийгээр өмнө нь хүүг бууруулсан ч зургаан сараас доош хугацаагаар авч байгаа зээлд хамаарахаар зохицуулсан нь ахмадуудын хэрэгцээг хангаж чадахгүй байсан юм билээ. Тиймээс энэ асуудлыг банкны салбарынхантай дахин дахин ярилцаж ийм шийдэлд хүрсэн юм. Энэ бол эхний алхам. Цаашид ямар боломж байгааг хамтдаа судалж, хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.


2018-01-10 11:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд