Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Д.МӨНХӨӨ. МОНГОЛ АЙЛЫН ЭХНЭРҮҮД НЬ МЕНЕЖЕР БАЙДАГ.

2017-05-17 16:52

Баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлж, байнга сэтгэл өөдрөг байлгаж чадвал тэр нь бүсгүйчүүдэд барьж байгаа хамгийн үнэтэй бэлэг юм шүү дээ.

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуайтай бид ийм л сэдвээр ярилцсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үлгэр жишээ сайхан эмэгтэйн яриаг уншигчдадаа хүргэхээр бид түүнийг урьсан юм. Саналыг маань талархан хүлээн авч, чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.

Энэ өдөр бол зүгээр л баяр биш, бас хэн нэгний туйлшралаас бий болсон зүйл биш юм. Харин хүн төрөлхтний хөгжлийн явцад эрэгтэй, эмэгтэй хүнд нийгмээс хүлээлгэж байгаа үүрэг, үнэлэмж нь асар их ялгаатай байсныг аль болох ойртуулахын төлөөх тэмцэл юм.

Бүсгүйчүүдийг айл гэрийн менежер хэмээн тодорхойлсон энэ хүн ч бас тэдний л нэг. Гурван хүүхэд төрүүлж, найман хүүхэд өсгөсөн Д.Мөнхөө гуай одоо 20 гаруй үрсийн эмээ болсон.

-Нэгэн үе “Мартын 8” болохоор бүсгүйчүүд цэцэг, шоколадаар бялуурдаг байсан бол одоо олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, үзэсгэлэн өргөнөөр зохион байгуулах болжээ. Гэхдээ бэлэг өгдөг зуршил нь үгүй болоогүй л байна. Эрхийнхээ төлөө үгээ хэлэх өдрийг баяр болгон хавтгайруулж байгаа тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шийдвэрээр 1910 оноос эхлэн эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг бий болгож, дэлхий даяарх эмэгтэйчүүдийн аливаа зүйлд хандах хандлага, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой байсан. Бид л баяр болгоод байгаа юм.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл 200 гаруй жилийн түүхтэй. Францын комунн буюу ажилчин ангийнхан Засгийн эрх барьсан гурван сарын хугацаанд ч, тэртээ 1871 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байсан. 1792 онд Английн гүн ухаантан, “банзалтай суутан” хэмээн алдаршсан М.Уолстонкрафт эмэгтэйчүүдийн эрхийн тухай анхны том хэмжээний бүтээлээ гаргаж байлаа. Энэ өдөр бол зүгээр л баяр биш, бас хэн нэгний туйлшралаас бий болсон зүйл биш юм. Харин хүн төрөлхтний хөгжлийн явцад эрэгтэй, эмэгтэй хүнд нийгмээс хүлээлгэж байгаа үүрэг, үнэлэмж нь асар их ялгаатай байсныг аль болох ойртуулахын төлөөх тэмцэл юм.

Янз бүрийн урсгал чиглэл бий болж л байх шиг байна. Үүгээр дамжуулж бүсгүйчүүддээ эрхийг нь ойлгуулж, мэдлэгийг нь дээшлүүлэн, нийгэм нь эмэгтэйчүүдийн эрхийг зөвөөр ойлгодог таатай орчин бүрдүүлэхэд ашиглах ёстой юм. Ээж хийх л ёстой гэж хүүхэд нь бодож, эхнэр хүн ийм л байдаг гэж нөхөр нь үл ойшоосоор байж болохгүй. Цамцыг нь угааж, индүүдээд өмсүүлэхэд “баярлалаа” гэж хэлдэг нөхрүүд, хөвгүүд хэр олон билээ.

Гэр бүл дэх шийдвэрийн 90 шахам хувийг эмэгтэй хүн гаргадаг. Тиймдээ ч эрчүүд “Бүх зүйлийг чи л мэддэг шүү дээ” гэдэг.

Бас ээжийгээ үнэлдэг охид хэд вэ. Бид охидынхоо ирээдүйг хэрхэн харж байна. Охидоо ирээдүйн монгол ээж, гэр бүлээ сайн сайхан авч явах хүн гэж харж байгаа хүн хэр олон байна даа. Ингээд бодвол маш олон асуудал урган гарч ирнэ. Миний ойлгож байгаагаар үндэсний эрхэм дээд ашгийг урьтал болгосон нийгмийн хандлага, ухамсрыг хүний төлөө, эмэгтэйчүүдийн төлөө болгож, эмэгтэйчүүдтэй хамт байдаг хүмүүсийн дэмжлэгийг бий болгоход энэ өдрийг зориулах ёстой.

-Та Монголын 750 гаруй мянган өрхийн менежер нь эхнэрүүд гэж тодорхойлсон. Энэ үг оновчтой бөгөөд тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлсэн шиг санагдлаа.
-Үнэн шүү дээ. Гэр бүл дэх шийдвэрийн 90 шахам хувийг эмэгтэй хүн гаргадаг. Тиймдээ ч эрчүүд “Бүх зүйлийг чи л мэддэг шүү дээ” гэдэг. Энэ орой гурилтай хоол, банштай цай хоёрыг алийг хийх вэ гэдгээс эхлээд эмэгтэй хүн олон шийдвэр гаргадаг. Энэ утгаараа монголчуудын философид нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэсэн байдаг. Менежерийнхээ үүргийг хэр сайн биелүүлж байгаа нь эндээс л харагдана.

Үнэхээр хүнд ачааг Монголын эмэгтэйчүүд үүрч яваа. Ингэж ярихаар хүмүүс намайг “Бидний хийморь сүлдэнд та нөлөөлөөд байгаа юм биш биз” гэдэг юм. Үгүй л дээ. Эмэгтэй хүн сайн сайхан байж л эрчүүд сайн сайхан амьдарна. Учир нь тэдний амьдралынхаа гуравны хоёрыг өнгөрүүлж байгаа гэр бүлийн орчин эмэгтэйчүүдийн гарт байдаг. Тийм учраас эрчүүд ч гэсэн боловсролтой, хүнлэг, ядаж л үгээ хайрлахгүйгээр “Миний найз сайхан харагдаж байна. Сайхан хоол хийчихэж, гэр орноо сайхан аваад явж байна. Баярлалаа” гэж хэлдэг байх хэрэгтэй.

Зочид буудалд нэг хоноход 70 мянган төгрөг, цамцаа угаалгахад 15 мянган төгрөг төлж байгаа хэрнээ хань нь хэчнээн ч удаа цамцыг нь угаагаад , гэр орноо сайхан байлгах гээд хичээж байхад орой ажлаа тарж ирээд буйдан дээр сонин бариад хэвтэх нь хэр зөв юм бэ. Тэд адилхан л өдөржин ажилтай байсан. Ажлаа тарсныхаа дараа хань, үр хүүхдүүдийнхээ хоолыг бэлдэхийн тулд дахиад л ажиллаж байна. Ядаж л дэргэд нь зогсоод сонгино ч болтугай арилгаад өгвөл хэчнээн сайхан билээ.

Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь ойлгож, бие биеэ хүндэтгэсэн харилцаатай байж л тэр гэр бүлд Монголын маргаашийн иргэн төлөвшинө.

Монголын гэр бүлд бие биеэ дэмжсэн харилцааг бий болгох нь үнэхээр чухал зүйл. Тэгэхээр хамт байгаа хүмүүс нь менежерийнхээ ажлыг дэмжих хэрэгтэй байх нь. Мөнгө нэг л асуудал. Тэр мөнгийг амьдрал болгон хувиргах нь тухайн менежерийн ур ухаан юм. Бас нэг таагүй ойлголт байдаг нь хадам болон хойт ээжийн тухай юм. Аавд бол хир халдаахгүй. Учир нь ээжүүд өнөөдрийн нөхцөл байдал, амьдралын нарийн ширийн зүйлс, хүмүүсийн харилцаа гээд бүхнийг зохицуулах гэж хичээдгээсээ болж бэрдээ шүүмжлэлтэй ханддаг. Энэ байдлаа ч ээжүүд ойлгох хэрэгтэй.

Компанийн захирлыг ажилтнууд нь “Нуруутай, сайн хүн” гэж магтах хэрнээ, эхнэр нь “чөтгөр” гэх нь бий. Хөөрхий тэр эхнэр өр, төлбөрөө нэхэж, цэвэрлэгээ угаалгандаа анхаарч, байгалиас заяасан үзүүлэлтээрээ тэмцсэнээрээ ийн хэлүүлж байгаа юм. Харин гадаад руу онгоцоор нисээд, гэрээ хэлэлцээр хийж, машин унаад яваад байгаа эрчүүдийн нэрд ямар ч сэв суухгүй. Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь ойлгож, бие биеэ хүндэтгэсэн харилцаатай байж л тэр гэр бүлд Монголын маргаашийн иргэн төлөвшинө.

-Эмэгтэйчүүд олон зүйлд санаа зовж, хүнд ачаа үүрдэг гэдэгтэй санал нэг байна. Бас хүүхэд төрүүлнэ. Тэднийгээ асарч, хамгаална. Ингэхээр нийгмийн байр суурийн хувьд эрчүүдийг гүйцэхгүй байх талтай.
-Эмэгтэй хүн байгаль, нийгмийн өмнө асар том үүрэг хүлээж байгаа. Нэгдүгээрт, нөхөн үржихүйн эдийн засгийг нуруундаа үүрч явдаг. Хүүхэд төрүүлэхгүй бол Монгол Улс яах юм бэ. Хоёрдугаарт, халамжийн эдийн засаг гэдэг маш том зүйл байна. Өндөр настан, өвдсөн зовсоноо асарна. Хадам, төрхөм ялгаагүй л анхаарах хэрэгтэй болдог. Өвчтэй хүмүүс нь эргэсэнгүй гэж гомдохоос биш тэр хүн ямар их сэтгэл, цаг зав гаргаж өөрийг нь эргэж, тойрч байгааг тооцдоггүй. Бид ч гэсэн энэ хөдөлмөрөө нийгмээр болон ханиараа үнэлүүлэх талдаа санаачлагагүй ханддаг. Тийм байх ёстой л гэж ойлгочихсон. Ингэж яриад байгаа нь хөлс нэхээд байгаа хэрэг биш л дээ.

Сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй, хамтран хийх ёстой л гэж байгаа юм. Тэр ч бүү хэл зарим улсад эрчүүдээр гэрийн ажил хийлгэх хууль гаргасан тохиолдол байна.

Өнөөдөр энэ бүхнийг залуу үедээ ойлгуулж , гэр бүлийн амьдралд бэлдэх хэрэгтэй. Гэхдээ боловсролын тогтолцоонд гэр бүлийн амьдралд бэлдэх хичээл байхгүй.  

Монголын нийгмийн суурь бүтэц болсон гэр бүлийн эзэгтэй, эсвэл өрхийн тэргүүн болох залуусаа бид бэлдэх ёстой. Тэгээгүйгээс болж хэчнээн гэр бүл салж, хэчнээн хүүхэд өнчирч байгааг бодох л асуудал. Хүүхдийн тэтгэмж өгөх хүмүүсийн 60-70 хувь нь тэтгэмжээ бүрэн төлөхгүй байна. Өнчирсөн хүүхдийг асрах ачаа нь ээжид, эмээ, өвөөд нь очдог. Үүнээс болж тэтгэврийн хөгшчүүд хоёр хүнд зориулах байсан мөнгөө дөрвөн хүнд хуваах болж дараагийн асуудал урган гарна. Монголын гэр бүл задралтай байна гэж ярьж байна. Гэр бүлийн задралыг зогсоож, боловсролыг нь дээшлүүлж, аз жаргалтай болгох бодлого нь өнөөдрийн Оюутолгой, Тавантолгойгоос илүү Монгол Улсын аюулгүй байдал, оршин тогтнохын үндэс юм шүү гэж би хэлээд шүүмжлэлд өртдөг юм.

-“Гал голомт” хөдөлгөөн энэ чиглэлд анхаарлаа хандуулдаг байх аа?
-Бид энэ салбарт 15 жил ажилласан. Энэ хугацаанд төр засагт том хэмжээний 4-5 ил захидал илгээсэн. Гэр бүлийн асуудалд хэрхэн анхаарах, төрийн мэргэшсэн ажилтантай болох асуудлыг хөндсөн юм. Гадаадад ажил эрхлэхээр явж байгаа хүмүүсийн 32 хувь нь гэр бүлээсээ салж байна. Гэр бүлийн өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлагыг зүгээр л миний эрхийн асуудал гэж харж байгаа нь буруу.

Өнөөдөр гэрлэж, жилийн дараа салахаа хүнээр заалгахгүй байж болох ч тэр хоёрын дундаас бий болсон хүүхдийн өмнө асар том хариуцлага үүрэх ёстой. Тийм болохоор л манай улсад гэр бүлийн задрал бий болсон гэж ярьж байна. Америкийг найрсаг сайхан гэр бүлийн орон гэдэг. Америк хүн гэж байдаггүй харин Америк улс тийм хүнийг төлөвшүүлж, дэмжиж байна. Дэлхийн маш олон улс Гэр бүлийн яам, хороо, жендерийн хороотой. Төрийн бодлогодоо энэ асуудлаа оруулж байна. Харин манайд ийм бодлого байхгүй. Ажиллах хүчээ гадагшаа гаргаж байгаа бол хагас жилд нэг удаа эхнэр нь нөхөртэйгээ очиж уулзах боломж олгож болохгүй гэж үү. Их бүтээн байгуулалт руу хэчнээн залуусыг явуулж байгаа билээ. Зам тавиулж, шугам татуулахаар хавар бүр олон залууг явуулж, намар буцаадаг. Залуу гэр бүлүүд энэ мэтээр удаан хугацаагаар хол байгаа нь гэр бүл салалтад нөлөөлдөг.

-Удаан хугацаагаар хол байдаггүй ч гэсэн өдөртөө олон цагаар ажиллаж, оройдоо гэртээ очдог хүмүүст ч бас асуудал гардаг.
-Норвеги бол гэр бүлд хамгийн ээлтэй бодлого явуулдаг улс. Бидний мөрөөдөж байсан социализм гэдгийг тэд байгуулчихсан. Тэр улсад нялх хүүхэдтэй эрэгтэй хүн 18.00 цагт ажлаасаа тарах ёстой бол ямар ч ажилтай байсан хамаагүй чөлөөлөх ёстой. Биелүүлэхгүй бол тухайн байгууллага торгуулж, арга хэмжээ авахуулдаг. Гэр бүлийг яаж дэмжих нь тухайн аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг нэг байдаг.

Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах шатанд байхгүй байна, муу байна гээд шүүмжлээд байхын оронд энэ мэт асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм. Манай улс олон конвенцид орсон гэж бахархдаг. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид ажлаасаа халагдсан эмэгтэйд дараачийн ажлаа олтлоо мэдлэгээ дээшлүүлж, сурах боломжийг бүрдүүлсэн ямар нэг арга хэмжээ авч байхаар заасан байдаг. Энэ конвенцид орсон орон тийм арга хэмжээ авч байх ёстой. Хүүхдийн эрхийн конвенцид бид нэгдсэн. Конвенцийн дагуу бол ажилтныхаа бага насны хүүхдийг харж, хамгаалахад тухайн байгууллага, төр дэмжлэг үзүүлэх ёстой. Гэтэл Монголд нас барж байгаа дөрвөн хүүхдийн нэг нь гаднын хүчин зүйлийн нөлөөтэй байгаа нь хараа хяналт сул байгаагийн илэрхийлэл.

-Таныг залуу байх үед харин энэ талын бодлого сайн байсан юм шиг ээ?
-Тэр үед эрх барьж байсан намын маш том шийдвэр байсан юм. Хэдэн яамны сайд, орлогч сайд нь эмэгтэй хүн байхыг зааж, Ардын их хуралд 24-өөс доошгүй эмэгтэй депутат байна аа гэнэ. Түүнийгээ ч сайн хэрэгжүүлнэ. Эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх бүхэл бүтэн стратеги байсан. Удирдах албан тушаалтны нөөцөд гурван хүн заавал бүртгээд, нэг нь заавал эмэгтэй хүн байна гэсэн бодлогыг хэрэгжүүлж байв. Энэ нь манай улс нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай” конвенцийг биелүүлж байсан хэрэг.

-Бас ясли, цэцэрлэг, сургуульд хүүхдүүд хамрагдаж байсан учраас ээжүүд хүүхдэдээ санаа зовохгүй байж болно.

-Ясли, цэцэрлэг бүгд байсан. Ингэж ярихаар намайг социализмаа магтаж байна гэх байх л даа. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенцийг 1952 онд НҮБ баталсан юм. Тэр конвенцид манай улс 1963 онд нэгдсэн. Энэ конвенцийн дагуу тэр арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм. Гэхдээ эмэгтэйчүүдийг дарга болгохын тулд л ажиллаад байгаагүй. Бүсгүйчүүд нийгмийн чиглэлийн нарийн асуудалд анхаарлаа хандуулдаг учраас л шинжлэх ухааны үндэстэйгээр ийн шийдэж байсан хэрэг. Би сумын эмчээс ажлаа эхэлсэн хүн. Дараа нь аймгийн Нэгдсэн больницийн ерөнхий эмч, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эвлэлийн төв хороонд сургууль, оюутан залуучуудын хэлтсийн дарга, Улаан загалмайн гүйцэтгэх хорооны дарга, Эрүүл мэндийн яамны орлогч сайд гээд 3-5 жилээр дэвшиж, амьдралын болоод ажлын туршлага хуримтлуулж ирсэн байна. Улс орон, байгууллагын тогтвортой байдлын гол хүчин зүйл нь хүний нөөц шүү дээ. Хэчнээн их доллар байгаад яах юм бэ. Түүгээр байшин барихгүй, машин жолоодуулахгүй.

-Том албан тушаалд томилогдохдоо та айдаг байсан уу?
-“Би энэ ажлыг хийж чадахгүй байх аа” гэсэн ойлголттой ч Намын даалгавар учраас биелүүлнэ. Аймгийн эрүүл мэндийн газрын дарга байснаа Эвлэлийн төв хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтэсийн даргаар томилогдоод би сурган хүмүүжүүлэх ухааны тухай ном уншиж ажлаа эхэлсэн. Тэгэхгүй бол яаж багш, оюутантай ажиллах билээ. Ажлаа авснаас 10 гаруй хоногийн дараа сургуулийн эвлэлийн хороодын дарга нарын үндэсний том семинар болох байсан, би үндсэн хэлэлцүүлгийг хийх ёстой учраас шууд бэлдсэн. Өөрийгөө тэгж л ажилд бэлдэж, сургаж энд ажиллаж байгаа хүмүүсээс хоцрохгүй мэдээлэл авч, тэднээс дутахгүй явах ёстой гэсэн зарчмаар л ажилладаг байлаа.

-Гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг тухай бид нэлээд ярьсан. Тэгвэл таны эцэг, эх танд чухам юу захиж, хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Миний аав цэргийн бага эмч хүн байсан. Хязгаар нутагт шинжлэх ухааны эмнэлэг бий болгоход залуу насаа зориулсан хүн. Аав минь надад гурван зүйлийг л захьсан. Физикийн багш болно гэж “томорч” явсан охиноо “эмч болоорой” гэсэн. Намайг сумын эмчээр ажиллаж байхад аав маань тэнд нэг хэсэг бага эмчээр ажилласан юм. Тэр үедээ эмнэлгийн бүх ажлыг хариуцан, түлээгээ бэлдэж, ханаа шохойдож явахдаа ажилдаа эзэн болж, хийсэн шиг хийх ёстойг ойлгуулсан. Бас “Миний охин өдөр бүр заавал хүнтэй уулзаж хүмүүсээс юм сонс. Орой нь цаастай ажилла” гэдэг байсан. Би одоо ч орой бүр тэмдэглэл бичдэг. Ямар сайндаа л хөгширсөн хойноо компьютерийн өмнө суулаа гэж шүүмжлүүлж байх вэ.

-Энэ зарчмаа хүүхдүүддээ ч уламжлуулсан уу?
-Хүүхдүүд боловсролтой болж байна. Дарга гээд явж байсан үедээ би хүүхдэдээ анхаарч байгаагүй ээ. Миний гурван хүүхдийг ээж минь өсгөж өгсөн. Гэртээ суух цаг бага байлаа. Монголын эх нялхасын асуудал их чухал байлаа шүү дээ. Хүүхдийн клиникт хоёр хүүхэд хоног болоогүй нас барахад асуудал хариуцсан орлогч сайд дуудагдаж байсан цаг. Өндөр хариуцлагатай ч, боломж олгодог байсан үе л дээ. Дорноговийн нэг хүн эхнэрт нь ерөндөг тавьсныг ойлгохгүй захидал бичиж, надад дээрээс үүрэг өгснөөр би гавьяат эмчээ томилон явуулж байсан. Тэр хүн ерөндөгийн тухай сайн ойлгоогүйгээс эрхийг нь хязгаарлалаа гэж бодсон байгаа юм. Залуу эмч 50 гаруй настай хүнд нарийн ширийнийг нь тайлбарлаж чадаагүйгээс асуудал үүссэн байсан. Харин нь дараа нь ойлгоод “Хэрэгтэй юм бол хоёрыг ч хамаагүй тавиулъя” гэж хэлсэн байгаа юм. Нэг хүнийг ч нэг гэхгүй, нийт олныг анхаарч, дэмжиж байжээ.

-Өөрийн мэдсэн, сурсанаа өдий хүртэл залуустаа хэлж, тусалж байгаа танд маш их баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа. Монголын бүх гэр бүлд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргэж, юу санасан есөн хүсэл нь биелэх ерөөл өргөе.    
Ж.Солонго


2017-05-17 16:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд