Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв

2018-01-12 16:02
Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт 26 жилийн ойн баярын өдөр билээ. 
Энэхүү түүхэн өдрийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар өнөөдөр /2018.01.12/ тус аймагт амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудаа хүлээн авч санал сэтгэгдлийг сонсож хүндэтгэл үзүүллээ.
1990 онд манай Дархан хотоос Ардын Их Хуралд 8 депутат сонгогдон ажилласан. Өнөөдөр эдгээр депутатуудаас 3, өөр аймгаас депутатаар сонгогдож байсан 5 хүн манай аймагт ажиллаж, амьдарч байна. 
Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: "Монгол Улсын төр нэн шинэ, гэгээн түүхийг гардан бүтээлцэж, гарамгай гавъяа байгуулсан хүмүүс бол тэр үеийн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд-депутатууд юм. Та бүхний гар бие, сэтгэл зүтгэл, оюун ухаанаа чилээн хэлэлцэж баталсан Үндсэн хууль нь Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж өгсөн билээ" хэмээн онцлов.
Мөн “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгад Монгол  Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /19901992/ Ардын их Хурлын депутат, Улсын бага Хурлын гишүүнд сар мөнгөн тусламж олгох бөгөөд мөн нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардалд нэг удаа, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх буцах замын зардалд жилд нэг удаа нөхөн, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлнэ хэмээн заасан. Уг нэмэлт өөрчлөлт нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тухай таатай мэдээллийг дуулгасан юм. 
Мөн шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг сум, аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогч, насанд хүрэгчдийн тэмцээнийг аймгийн ИТХ-аас энэ жил амжилттай зохион байгуулсан билээ. 


2018-01-12 16:02

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд