Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНЛАЙ БААТАРЫН ЗЭЭД ИХ АВАРГА ДАГВАДОРЖ ШИНЭ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-06-02 10:33
Энэ жилийн эх үрсийн баяраар Дархан хотод баярт үйл явдал болж байна. Манлай баатар Дамдинсүрэнгийн өнөөдөр энх тунх амьдарч байгаа цорын ганц зээ охин Лхамжав гуайд Их аварга Д.Дагвадорж өнөөдөр хоёр өрөө байр бэлэглэлээ. Аварга энэ тухайгаа цахим хуудсандаа "-За эмээгээ шинэ байранд нь оруулж өглөө.Ээж минь сайхан дээл хийж. Сайхан ч таарлаа.Эмээ маань урт наслаг” гэж бичжээ.  Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуай Дархан хотод нийтийн байрны умгар өрөөнд зутруухан амьдардаг талаарх нэвтрүүлгийг News агентлагийн сэтгүүлч Л.Нарантөгс нарын баг түрүүхэнд бэлтгэн олон нийтэд хүргэсэн билээ. Нэвтрүүлгийг үзэнгүүтээ Их аварга Дагвадорж “-Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй. Эвий минь, миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнэ ээ! Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай" гэж мэдэгдсэн нь олны талархлыг хүлээгээд байсан юм. Аварга өнөөдөр амлалтаа биелүүлж Дархан хотод ээжийнхээ хамт ирж, Лхамжав гуайд шинэ байрны түлхүүр гардуулан байранд нь оруулж гал голомтод нь хадаг уяж өглөө. Шинэ Дархан хотын хойд талын цэвэр саруулхан “Хүслийн хотхон” хороолол дахь Лхамжав гуайд бэлгэлсэн байранд тавилгыг нь мөн угсран хийж өгөхөөр болсноо аварга дуулгав. Тэрбээр банканд хадгаламжийн дэвтэр нээлгэн Лхамжав гуайд сар бүр өөрийн цалингаас 100 мянган төгрөг бэлэглэж байхаар болсноо дуулгалаа. Д.Лхамжав гуай баярласан сэтгэлээ дарж ядан нүдэндээ нулимс хуруулан байж “-Энэ Монгол улсынхаа төлөө халуун амиа зориулсан өвөө минь тэнгэрээс эх оронч сэтгэлтэй, ач буянаа хайрласан Дагвадорж хүүг харж байгаа гэдэгт эмээ нь итгэж байна. Өнөөдөр ямар сайхан баярт өдөр вэ. Их аварга хүүдээ Монгол түмэндээ улам ихийг бүтээхийн ерөөл өргөе” хэмээн хүслээ.

2017-06-02 10:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд