Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэв

2015-09-10 15:36
    Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, улс орон даяар хэлмэгдэгсэдийг дурсаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. 
     Тус өдрийг тохиолдуулан аймгийн ИТХурал, ЦАУЗБКомиссоос хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж,  тэдний үр хүүхэд ач, зээ нарыг хүлээн авч уулзаж санал солилцлоо. 
    Хүндэтгэлийн ажиллагааг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй сүм хийдүүдийн удирдлагууд, гэр бүлийн радио, FM 104,5 Дархан салбараас дэмжиж, аймгийн ИТХуралтай хамтран ажиллалаа.

     Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг 1998 онд батлан гаргаснаар хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500,000 болон 1 сая төгрөгийн цагаатгалын нөхөх олговор, буцалтгүй тэтгэмж олгожээ. Аймгийн салбар комисс нөхөх олговор авахаар нэхэмжлэл гаргасан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлж, өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулж, нийт  295  нэхэмжлэгчид  271,5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон ба гэр орон сууцаа хураалгуулсан өөрийн гэсэн гэр оронгүй 5 хүнд гэр, орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний буцалтгүй тэтгэмж олгов хэмээн Аймгийн ИТХ-ын дарга ЦАУЗБК-ын дарга Ч.Цэндсүрэн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

       2015 оны эхний хагас жилд 2 хүн нөхөх олговор авахаар материал бүрдүүлсэн ба садан төрлийн холбоо тогтоолгох, үндэсний төв архивын лавлагаа авах зэрэг ажиллагаа хийгдсэн байна.  Нэг хүний өргөдөл шүүхийн шатанд явж байгаа аж. 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэлмэгдэгсэдийн амьд сэрүүн байгаа үр хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, аймгийн архивт улс төрийн хилс хэргээр ял шийтгүүлсэн хэрэг материал байгаа эсэх талаар үзлэг шалгалт хийж,  5 төрлийн нарийвчилсан судалгааг гаргаж эхэлсэн байна.   


 
    Өнөөдрийн уулзалтаар хэлмэгдэгсэдийн үр хүүхэд ач зээ нараас тодорхой асуудлуудаар санал гаргалаа. Тухайлбал: Хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэний нэгдсэн холбоо эсхүл ТББ байгуулж ажиллах, төрийг харж суух биш өөрсдөө идэвхитэй оролцоотой байх санал гаргалаа. Мөн хэлмэгдэгсэдийн асуудлаар судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, аймгийн Музейд хэлмэгдэгсэдийн түүх намтар, ном товхимолоор үзэсгэлэн гаргаж, байнгын булан ажиллуулахыг санал болгож байсан юм.


    

2015-09-10 15:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд