Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХОВД-2014” Бага олимп амжилттай зохион байгуулагдлаа

2014-08-10


Алс баруун хязгаарт олон угсаатны аж төрөн суугаа нутгийн тэнгэр дор олимпийн бамбар гэрэлтэн асч 4 өдрийн туршид их спортын уухай нүргэллээ. Их спортод элэгтэй нутгийн олны хүсэл санаачилгад тулгуурлан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас “ХОВД-2014” БАГА ОЛИМП-ийн наадмыг 2014 оны 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
1980 оны Москвагийн олимпийн наадамд Монгол эх орноо төлөөлөн оролцсон Ховд нутгийн хүү Р.Даваадалай жүдо бөхийн 71 кг-ийн жинд барилдан хүрэл медалийг авч ирсэн тэр цагаас хойш дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр болсон Олимпийн наадмаас олон тамирчин алдрын буухиаг залгамжлуулсаар ирсэн. Мөн Ховдчууд их спортын дэлхийн тавцанд мөрөө үлдээж, нэрээ дуурсгаж явсан алдар суутай тамирчин олонтой. Тухайлбал ДАШТ-ээс медаль хүртэж байсан Р.Отгонбаяр, А.Энхээ, Л.Эрхбаяр, Д.Баттулга, Ц.Цогтбаяр, Ц.Энхжаргал нарын тамирчдыг нэрлэж болох бол дэлхийн цомын аварга өргөмжлөлт Авирмэдийн Энхээ, Монгол Улсын Ардын багш А.Басхүү болон спортын гавьяат цолтнууд, зүтгэлтнүүд, Азийн наадмын медальтнууд, Улсын цолтой бөхчүүд яах аргагүй нутгийн минь бахархал юм.
Энэ олон спортын алдартнуудыг өлгийдөн авсан холын цуутай Ховд нутгийн тэнгэр дор “ХОВД-2014” БАГА ОЛИМП-ийн наадмын түүчээнд 16 сум, аймгийн төвийн 12 багийн 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүчид, 400 гаруй зохион байгуулагчид, үзэгч, хөгжөөн дэмжигчид их спортоор амьсгаллаа. Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулсан энэ наадмыг Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран зохион байгуулсан юм.
Жүдо, чөлөөт бөх, сур харваа, ширээний теннис, үндэсний бөх, урианхай сур, даам, шатар, олс таталт, 4х100 метрийн буухиа, 100 метрийн гүйлт, хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын 14 төрлөөр 286 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөхийн сацуу Алтайн аргаль амьтныг хайрлан хамгаалах утга агуулгатай зохион байгуулагдсан нь гол онцлог байлаа.


Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 10 жилийн ойн хүрээнд
зохион байгуулсан тус наадамд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн нийт 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрт шилдгүүд шалгарахаас гадна багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг 2014 оны 08 сарын 10-ны хаалтын цэнгүүний үеэр гардуулан өглөө. Багийн нийлбэр дүнгээр 308 оноогоор Ховд аймгийн Буянт сумын баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан бол 324 оноогоор Ховд аймгийн Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр эзэлж 3 сая төгрөгний эзэн боллоо. Тэргүүн байрыг хамгийн өндөр оноо буюу 354 оноогоор Жаргалант сумын Цамбагарав багийн баг тамирчид эзэлж тэмцээн зохион байгуулагчид болон аймгийн удирдлагуудаас 5 сая төгрөгний шагналаа гардан авсан юм.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 130
127 / 98%
3 / 2%
0 / 0%