Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО БОЛОН УТААГҮЙ ДАРХАН ДЭД ХӨТӨЛБӨРТ ИРГЭД САНАЛАА ӨГЛӨӨ

2017-10-25 16:18
    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран өнөөдөр /2017.10.25/ “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030”, “Утаагүй Дархан” дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт аймгийн БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан, Иргэний танхимын дарга Д.Гантулга тэргүүтэй албаны төлөөлөл, Дархан сумын 60 гаруй иргэд оролцож орон нутагтаа аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх тухай, мөн “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. 
Хэлэлцүүлгийн эхэнд Төслийн багийн ахлагч МҮИС-ийн багш  н.Мөнхнасан “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” хөтөлбөрийг танилцуулсан ба Дархан-Уул аймаг нь дэд бүтцийн хангамж, байгаль түүх соёлын дурсгалын онцлог, давуу талаа ашиглан өөрийн гэсэн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгон гадаад харилцаагаа өргөжүүлэх замаар “Нүүдлийн соёл, аялал жуулчлал”-ын төв болж хөгжих шаардлагатай хэмээн танилцуулгын эхэнд тэрээр онцоллоо. 
Аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн засагт нөлөөлөхүйц салбарын нэг болгохын тулд аялал жуулчлалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээг бүх чиглэлээр хөгжүүлэх, түүх соёлын дурсгалт газруудад аялал жуулчлал хөгжүүлэх, соёлын өвийг судлан сурталчлах, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд тэргүүний шинэ техник, өндөр технологийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр  “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” хөтөлбөрт тусгажээ.
Харин “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Анхбаяр танилцуулсан юм. 
Дархан-Уул аймгийн бохирдлын эх үүсвэр нь гэр хороолол, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, шатахуун түгээх станцууд, томоохон үйлдвэрийн уурын зуух, нам даралтын уурын зуух, элэгдэл эвдрэлд орсон газрын хөрс, том ширхэгт тоос, хог хаягдлаас үүдэлтэй хэмээн тодорхойлсон бөгөөд “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, үйлдвэр, аж ахуй нэгжүүдээс гарч буй утаа, тоосжилтыг бууруулах, авто машинаас гарах утаа, тоосжилтыг бууруулах зэрэг арга хэмжээг авах үндсэн зорилтуудыг дэвшүүлжээ.
Ялангуяа гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станц, хуваарилах байгууламжийн хүчин чадлыг судалж, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөн 2.5-4 кВт хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий цахилгаан халаагуур ашиглах боломжтой байх техникийн боломж, эрх зүйн нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, Дархан сум руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг үргэлжлүүлэх, “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд амины орон сууцыг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг гэр хороололд байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэн залуус, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулахыг бодлогоор дэмжих зэргээр агаарын бохирдлын 55, 8 бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Мөн Дархан суманд ажиллаж байгаа халаалтын нам даралтын уурын зуухыг буулган, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд үе шаттайгаар холбох, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламж байгуулж, аюултай хог хаягдлын хяналтгүй тархалтыг хумих, хот, суурин газрын орчимд элс, хайрганы олборлолт, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хязгаарлаж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх , хотын доторх зам талбайг зүлэгжүүлэх, иргэн, ААНБ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор эвдэрч, цөлжилтөд орж, зүлэг ногоогүй болж, халцарсан газрыг засч, нөхөн сэргээх, хотын гудамжинд буй насжилт ихтэй, хог их татаж буй модыг шинэчлэх арга хэмжээ авах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэргээр бусад эх үүсвэрийг бууруулна хэмээн тооцоолжээ. 
“Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” болон “Утаагүй Дархан” дэд хөтөлбөрийг аймгийн БОАЖ-аас боловсруулсан ба хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг тусган боловсруулж, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх юм.  


2017-10-25 16:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд