Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил

2014-10-23 17:38

Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьсан нь Дарханчуудын түүхийн хуудасны эхлэл болж их бүтээн байгуулалт нүргэлж эхэлсэн тэртээ 1962 оны 10 дугаар 23-нд Дархан хотын анхдугаар удаагийн чуулган хуралдаж, Дархан хотын иргэдийн төлөөллийн байгууллагын анхны суурь тавигдаж, орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй. Тэр үеийн төрийн эрх барих болон гүйцэтгэн захирамжлах байгууллагын системийн бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн АДХ, түүний гүйцэтгэн захирамжлах байгууллага-АДХ-ын гүйцэтгэх захиргаа байлаа.

АИХ-ын Тэргүүлэгчдийн 1962 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 152 дугаар зарлигаар Дарханд үйлдвэр, барилга, соёл, ахуйн үйлчилгээний газрууд байгуулагдаж оршин суугчдын тоо нэмэгдсэнийг харгалзан Дархан хотыг байгуулж хот, хороодын АДХ-ыг сонгох сонгуулийг 10 дугаар сарын 21-нд явуулахаар тогтож үүний дагуу 1962 оны 10 дугаар сард Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа 15 орон тоотойгоор, анх хороо, захиргаа гуравтай зохион байгуулагдаж байжээ. Улмаар Дархан хотын АДХ-ыг сонгох сонгуулийн 50 тойрог байгуулагдаж, нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшигдсэн хүмүүсийн төлөө 100 хувь саналаа өгч, сонгогдсон 50 депутатад үнэмлэхийг нь олгохоор тогтоож байжээ. Дархан хотын АДХ-ын анхдугаар чуулган 1962 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чуулж, чуулганы даргаар 49 дүгээр тойргийн депутат Борын Өлзийбат, нарийн бичгийн даргаар 28 дугаар тойргийн депутат Цэдэвийн Цэнд нарыг сонгон баталсан байна.

   Хотын захиргааг бүрдүүлэх хотын Ардын хурлыг сонгох анхны сонгуулиар хотын депутат 50, хороодын депутат 90 бүгд 140 хүн сонгогдож хотын Гүйцэтгэх захиргааны даргаар Сангажавын Цагаан томилогдон 1962 оны 1 дүгээр сараас 1966 оны 1 сар хүртэл ажилласан байна. Хариуцлагатай нарийн бичгийн даргаар Дашбалжирын Агваанчимэдийг баталж байсан байна.

Хотын депутатуудын бүрэлдэхүүн:

-Нийгмийн гарлаар нь авч үзвэл 
Малчин-2, 
Ажилчин 8,
Сэхээтэн-40,
Хүйсийн хувьд эрэгтэй-43,
Эмэгтэй-7,
Насны байдлаар нь авч үзвэл 24-30 насны 12,
31-40 насны 14,
41-50 насны 19,
51-ээс дээш настай-5
Боловсролын хувьд:
Дээд боловсролтой-17,
Дунд боловсролтой-22
Бага боловсролтой-7,
Сургуульгүй-4 депутат сонгогдож байжээ.

 

     -АДХ-ын 3 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулган 1966 оны 1 дүгээр сарын 8-нд болж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаас С.Цагааныг чөлөөлж Магалжавын Лувсанчоймболыг сонгосон байна. -Хотын АДХ-ын 4 дэх удаагийн анхдугаар чуулган 1967 оны 7 дугаар сарын 7-нд хуралдаж 50 тойрогт 50 депутатын бүрэн эрхийг зөвшөөрч, хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар 2 дугаар тойргийн депутат Хишигтийн Дашчиравыг сонгон баталсан байна. Хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 5 дахь удаагийн анхдугаар чуулган 1969 оны 6 дугаар сарын 27-нд болж 70 тойрогт 70 депутатын эрхийг зөвшөөрч баталсан байна. -АДХ-ын 5 дахь удаагийн 4 дүгээр чуулган 1970 оны 9 дүгээр сарын 25-нд болж хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар 18 дугаар тойргийн депутат Чойнарын Сүрэнг сонгон баталсан байна. -АДХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулган 1972 оны 4 дүгээр сарын 14-нд болж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Гомбын Дамдинг хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар батлав. -Хотын АДХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 1978 оны 6 дугаар сарын 20-нд болж сонгуулиар сонгогдсон 70 депутатын бүрэн эрхийг зөвшөөрч Чойжилын Гүнсэнг АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар сонгож баталсан байна. -1981 оны 6 дугаар сарын 24-нд АДХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж сонгогдсон 74 депутатын бүрэн эрхийг зөвшөөрч үнэмлэх олгосон ба АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар Наваансодов овогтой Төмөрхуягийг сонгож баталсан байна. - 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн АДХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн анх дугаар чуулганаар сонгогдсон 100 депутатын бүрэн эрхийг, 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар бүх тойргоор сонгогдсон 106 депутатын бүрэн эрхийг зөвшөөрсөн байна. 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн АДХ-ын 11 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан Наваансодов овогтой Төмөрхуягийг чөлөөлж, АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар Түмэнгийн Цэвэгмэдийг сонгон баталжээ. АДХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 1990 оны 8 дугаар сарын 31-нд чуулж сонгогдсон 84 депутатын бүрэн эрхийг зөвшөөрч, хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар Лувсандагвын Амарсанааг сонгож баталсан байна.
Тэр үед орон нутгийн хурал нь нутаг дэвсгэртээ аж ахуй, нийгэм, соёл, төрийн байгуулалтыг удирдаж, нийт үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж, газар эдэлбэр, байгаль хамгаалах, орон нутгийн баялгийг болон хөдөлмөрийн нөөцийг ашиглах, хүн амын нийгэм соёл, ахуйн хийгээд бусад үйлчилгээг зохион байгуулах талаар нутаг дэвсгэртээ байгаа бүх үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, удирдан чиглүүлж байх эрх хэмжээтэй байсан бөгөөд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын чуулганы чөлөөт цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага байсан. Дархан хотын АДХ нь 30-аад жилийн хугацаанд хот, аймгаа хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох хот, аймгийн төсвөө баталж, 30 гаруй жилийн хөгжлөө төлөвлөгөөжүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л ажлаа чиглүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл Үндсэн чиглэл гэдэг энэхүү жилийн хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, тохижилтын ажил, хүний хөгжил, нийгмийн бодлого, төрийн удирдлага, эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг багтаасан иж бүрэн хөгжлийн цогц бодлого байж хөгжлийн бодлогын уламжлал, шинэчлэл, бодит ажил, тодорхой бүтээн байгуулалт энд зангидагдан тогтвортой тэнцвэртэй хөгжлийн хэмнэлийг хангаж ирсэн юм.
1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон Аймгийн Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар сарыг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар Ардын Хурлын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.
1992
онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн хууль, Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд орон нутгийн сонгууль явагдаж Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо бий болсон боловч Дархан хот 1994 оны 8 дугаар сар хүртэл хуучин статусаараа байсан юм.

УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг гэж нэрлэн АДХ-ыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааг ЗДТГ болгон 7 хороо захиргааг, 4 сум, ОСГ-ны 33 хороог 24 баг болгож, Хот хорооны депутат, аймаг, сумын хурлын төлөөлөгчөөр солигдож ажилласан байна. Сонгууль бүрийн анхдугаар хуралдаанаар хот, аймгийнхаа удирдлагын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталж, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зохион байгуулалт, эрх зүйн орчинг бүрдүүлж, боловсон хүчний бодлогыг 1994 он хүртэл явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, орлогч дарга, хэлтэс, газар, харъяа байгууллагын дарга нарыг хотын АДХ-ын чуулганаар баталж байлаа.

Энэхүү боловсон хүчний бодлого явуулдаг бүрэн эрхийг хотын Ардын Хурал 1994 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд 1994 оны 8 дугаар сараас тус аймагт НӨУЁ-ны байгууллагын бүтэц тогтолцоо бүрэлдэн бий болж, дээрх боловсон хүчний талаар хэрэгжүүлж байсан эрх хэмжээ өөрчлөгдөж Аймгийн Засаг дарга гэдэг бүхэл бүтэн удирдлагын бие даасан “Институт”-ыг нэр дэвшүүлж томилуулдаг болсон.

Монгол улс 1992 онд баталсан Шинэ үндсэн хуулиараа Орон нутгийн төвлөн удирдах зарчмыг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг сонгон авсан бөгөөд орон нутгийн удирдлага нь НӨУЁ-ыг Төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэсэн үндсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.

Дархан хот Дархан-Уул аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан учир орон нутгийн сонгууль явагдаж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1994 оны 09 дүгээр сарын 1-нд хуралдаж 51 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, Аймгийн ИТХ-ын 9 Тэргүүлэгчдийг сонгон байгуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Сүрэнжавыг томилж, Засаг даргад Л.Амарсанааг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж томилуулснаар аймгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо, удирдлагын бүрэлдэхүүн бий болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 51 хүний 42 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй, дээд боловсролтой 43, дунд боловсролтой 8, инженер техникчид 29, эдийн засагч 4, хуульч 3, эмч 4, багш 6, бусад 5, МАХН-ын гишүүн 30, МҮАН-ын гишүүн 4, МСДН-ын гишүүн 5, нам бус 12 хүн байлаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн ёсоор 1992 оноос сонгогдож байгуулагдсан Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал аймгийнхаа иргэд олон түмний итгэж хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, дөрөв дөрвөн жилээр алхам хийсэн бүрэн эрхийн хугацаанд аймгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх цар далайцтай зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж, иргэдийнхээ язгуур эрх ашгийг хангаж ирлээ. Аймгийн ИТХ-ын 2 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 23-нд эхэлж, 30 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн ба зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж зөвшилцөлд хүрч чадалгүй хугацаагүй завсарлаж, 1996 оны 11 дүгээр сарын 21-нд дахин хуралдаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Лувсандагвын Амарсанааг томилж, аймгийн Засаг даргаар Ёндонгийн Вандансүрэнг Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад уламжилсанаар Засаг даргаар томилогдсон байна. Аймгийн ИТХ-ын 3 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 18-нд хуралдаж, шинээр сонгогдсон 30 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Лувсандоржийн Гүнчинг томилж, аймгийн Засаг даргаар Дамдингийн Хаянхярвааг томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаярт санал болгосноор Ерөнхий сайд 2000 оны 11 дүгээр сарын 03-нд батламжилсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 30 төлөөлөгчийн 25 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй, бүгд дээд боловсролтой, багш 7, хуульч 3, эмч 2, инженер 10, санхүүч, эдийн засагч 6, улс төр судлаач 1, арономич 1 байсан ба МАХН-аас 27, МҮАН-аас нэр дэвшсэн 3 төлөөлөгч сонгогдсон байна


 Аймгийн ИТХ-ын 4 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2004 оны 10 дугаар сарын 29-нд хуралдаж, шинээр сонгогдсон 30 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Лувсандоржийн Гүнчинг томилж, аймгийн Засаг даргаар Дамдингийн Хаянхярвааг томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид санал болгосноор батламжилсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 30 төлөөлөгчийн 27 нь буюу 90 хувь нь эрэгтэй, 3 нь буюу 10 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 54, хамгийн залуу нь 32 настай, дундаж нас 43, бүгд тухайн аймагт оршин суугчид байна. Боловсролын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 28, бүрэн дунд боловсролтой 2, мэргэжлийн хувьд багш 4, хуульч 1, эмч 1, инженер 15, санхүүч, эдийн засагч 6, улс төр судлаач 3 байсан ба МАХН-аас 20, “Эх орон Ардчилал” эвслээс 10 төлөөлөгч сонгогдсон байна Аймгийн ИТХ-ын 4 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр Лувсандоржийн Гүнчин, Задийн Цэнгэлсайхан, Балдангийн Мандалбаяр, Дэмбэрэлийн Амгалан, Гомбожавын Эрдэнэбат, Занабазарын Мөнхбат, Наранчулууны Даваасүрэн, Батаагийн Алтанцэцэг, Гэндэнжамцын Соёлмаа нарыг сонгож баталсан. Аймгийн ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2008 оны 10 дугаар сарын 22-нд хуралдаж, аймгийн ИТХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Лувсандоржийн Гүнчинг сонгож баталсан ба аймгийн Засаг даргаар Гомбожавын Эрдэнэбатыг томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд батламжилсан байна. Төлөөлөгчдийн 27 нь буюу 87,1 хувь нь эрэгтэй, 4 буюу 12,9 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 60 настай, хамгийн залуу нь 24 настай төлөөлөгч байв. Боловсролын байдлаар нь авч үзвэл 31 төлөөлөгч бүгд дээд боловсролтой мэргэжлийн хувьд хуульч 1, санхүүч, ня-бо, эдийн засагч 10, багш 3, инженер15, зоотехникч 1, улс төр судлаач 1, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн 10 нь 2-оос дээш их дээд сургууль төгссөн хос мэргэжилтэй хүмүүс байв.


Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Чимидцэрэнгийн Цэндсүрэнг сонгож баталсан ба аймгийн Засаг даргаар Сундуйжавын Насанбатыг томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжилж, батламжилсан. Сонгогдсон Төлөөлөгчдийн 30 нь буюу 91,0 хувь нь эрэгтэй, 3 буюу 9,0 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 51 настай, хамгийн залуу нь 28 настай төлөөлөгч байв. Боловсролын байдлаар нь авч үзвэл 31 төлөөлөгч бүгд дээд боловсролтой мэргэжлийн хувьд эрхзүйч 4, санхүүч, ня-бо, эдийн засагч 12, багш 5, инженер 10, эмч 1, социологич 1, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн 12 нь 2-оос дээш их дээдсургууль төгссөн хос мэргэжилтэй, 8 нь магистрийн зэрэгтэй, 20 нь буюу 60,6 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа, 13 нь буюу 39,4 хувь нь 2-оос дээш удаа Төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийг нам, эвсэл тус бүрээр авсан суудлын тоогоор нь тооцон гаргавал: МАН-аас 18, АН-аас 11, МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс нэр дэвшсэн 2, бие даан нэр дэвшигч 2 хүн сонгогдсон болно.
Аль ч үеийн Хурлын байгууллага, аймаг, орон нутгийн хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан амьдралыг цогцлуулан бий болгох нөр их үйлсийг аймаг, орон нутгийнхаа хэмжээнд хөгжлийн бодлогоор ханган удирдан чиглүүлж, зохион байгуулж ирсэн.

 Хурлын байгууллагын бүрэн эрх сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжиж, шинээр сонгогдон байгуулагдсан хурлын байгууллагаас сонгогдон, нэр дэвшигдэж томилогдсон хот, аймгийн удирдлагууд бодлогоо гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг боловч түүний үйл ажиллагааны залгамж чанар, уламжлал шинэчлэл ямагт хадгалагдаж байдаг нь төрийн ажлын нэг онцлог байдаг билээ. Түүний зэрэгцээгээр Хурлын байгууллагын бүрэн эрх бүрийн хугацаанд баримталсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлог, утга агуулга, өнгө төрхийг хадгалж байдаг.

Төрийн ажлын уламжлал шинэчлэл хослон үргэлжилж, түүхийн хуудас эргэж, түүнийг даган нутгийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа улам боловсронгуй болж, хөгжил дэвшлийг дагуулсаар байх нь дамжиггүй.


2014-10-23 17:38

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд